Л.Амарсанаа: Улс төрийн ур ухаан гэдэг нь удирдаж, удирдуулж байгаа хүмүүс зөв ойлголцохын нэр

2020 оны 11-р сарын 04 өдөр, 13 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Clip0390.00_12_40_22.Still005 (1)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Л.Амарсанаагийн “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын төрийн бусад байгууллагаас ялгарах онцлог нь юу болохыг ярилцлагын эхэнд танаас асууя.

-1990-ээд оны эхэн үеэс манай улс ардчилсан, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш долоон удаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулж, тав дахь  хүн нь Төрийн тэргүүнээр ажиллаж байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай болон бусад хуульд тусгаж ирсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газар, түүний даргын эрх, үүргийг Ерөнхийлөгчийн тухай хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ажлын алба нь Ерөнхийлөгчийн Тамгын газар мөн” гэж тодорхой тусгасан байдаг. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхдээ Тамгын газраа эмхлэн зохион байгуулдаг юм. Ингэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрэм, үндсэн бүтцийг юуны түрүүнд баталдаг. Гэхдээ бүтцээ өөрийн тухайн жилийн төсвийн зардлын хэмжээнд багтаах ёстой. Ингээд Тамгын газрын дарга, зөвлөхүүдээ Ерөнхийлөгч зарлиг гарган томилж байгаа. Харин Тамгын газрын дарга нь бүтэц, төсөвтөө тааруулан орон тоогоо батлаад ажиллаж эхэлнэ.

Товчхондоо Ерөнхийлөгчийн Тамгын газар хэд хэдэн чухал үүрэгтэй. Нэгдүгээрт, Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Ерөнхийлөгчид тусалж, дэмжих, хоёрдугаарт, тасралтгүй үйл ажиллагаа явуулах, гуравдугаарт, хурдан шуурхай ажиллах, дөрөвдүгээрт, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гэж хэлж болно. Тамгын газрын дарга, зөвлөхүүд, тэдгээрийн удирдлагад ажилладаг референт, баг, хамт олон нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Тухайн салбарын хүрээнд алдаа, дутагдал гарахгүй, улсынхаа бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх ашигт ямар нэг хэмжээгээр хохирол учруулахгүйгээр үйлчлэх учиртай юм. Ерөнхийлөгч, түүний Тамгын газар бол нэг баг. Нэг баг яаж ажиллах ёстой байдаг билээ. Төрийн тэргүүний хувьд хамгийн түрүүнд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах нь бодлогынх нь эхэнд тавигддаг. Ямар намаас, хэн Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь чухал биш. Ерөнхийлөгчөөр сонгогдсон л бол Тамгын газрынхаа дэмжлэгтэйгээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй байгууллагуудын ажлын зохист уялдааг хангахын төлөө  хүчин зүтгэх үүрэгтэй. Тамгын газар нь Ерөнхийлөгчтэй хамгийн ойр байдгийн хувьд энэ ажилд менежерийн үүрэг гүйцэтгэдэг.

-Таныг Тамгын газрын даргаар ажиллаж байхад төвөгтэй, саад бэрхшээлтэй ямар асуудал тулгарч байв. Түүнийг хэрхэн шийдвэрлэж, даван туулсан тухайгаа дурсахгүй юу?

-Би Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлыг бүрэн эрхийнх нь дөрвөн жилийн хугацаанд хийгээгүй. Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхдээ томилсон Тамгын газрын дарга нь өөр албанд шилжсэнтэй холбоотойгоор миний бие уг ажлыг хариуцсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, сайд, УИХ-ын гишүүн гээд аль нь ч бай төрийн хариуцлагатай алба хашиж байгаа хэн ч гэсэн аливаа ажлыг хүнд, хэцүү гэж бэрхшээл, саадыг нь товойлгон ярихаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Харин хамгийн эхэнд тэр ажлыг хийхэд ямар саад учирч болох вэ, хүндрэлтэй зүйл нь  юу байна гэдгийг хамт олон, багийнхаа тусламжтайгаар тодорхойлох учиртай. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан болзошгүй бэрхшээлээс урдчилан сэргийлэх, улс орон, иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчин нөхцөл, эдийн засгийн байдал, нийгмийг хамарсан ноцтой асуудал гарч, улс оронд үймээн, самуун дэгдэхээс хамгаалах ёстой.

Намайг ажиллаж байхад шийдэхэд хүнд, хурц асуудал гараагүй. Яах вэ, бэрхшээл, саад байсан л даа. Тухайлбал, Төрийн албаны тухай хуульд төрийн захиргааны жинхэнэ албан хаагч улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэх заалт оруулахад Ерөнхийлөгч санаачилгатай ажиллаж байсан үе. Төрийн албыг улс төрөөс хараат бус байлгахын тулд эрчимтэй ажиллаж байсан тэр үед намуудын удирдлага, төлөөлөлтэй нэлээд урт хугацаанд ярьж, хэлэлцэн, ойлголцох шаардлага тулгарч байв. Эцэст нь үүнийг ихэнх нам дэмжиж, төрийн алба хашиж байгаа хүмүүс гишүүнчлэлээсээ түдгэлзэх ёстой юм байна гэсэн ойлголтод нэгдэж, хуульчилсан юм шүү дээ. Аль ч цаг үед цоо шинээр гарч ирсэн асуудлыг шийдвэрлэхэд заавал бэрхшээл тулгарч, тодорхой цаг хугацаа зарцуулдаг. Намуудын удирдлагыг хамруулсан уулзалт, ярилцлага мөн ч олныг зохиосондоо. Заримтай нь ганцаарчлан уулзсан ч үе бий. Хэнээр нь эхэлж яриулах, асуудлыг аль нь хөндөх вэ гэх мэтээр улс төрийн гаргалгаа хийнэ гэсэн үг. Тухайн үед бараг 20 гаруй нам байсан шиг санаж байна.

-Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүний хувийнх нь хандлага, зан чанар, ашиг сонирхол Тамгын газрынхаа үйл ажиллагаанд хэр нөлөөлдөг вэ. Ер нь нөлөөлөх ёстой юм уу?

-Нөлөөлөхгүй. Нөлөөлөх ч ёсгүй. Нэгэнт Монголын ард түмэн тэр хүнийг Төрийн тэргүүнээ хэмээн сонгон, ажиллуулж байгаа бол Ерөнхийлөгч Тамгын газрынхаа дарга, зөвлөхүүдээ бодолтой томилж таарна. Нөгөө талаас Ерөнхийлөгч ямар арга барил, хэлбэрээр ажиллах вэ гэдэгт Тамгын газрынхан нь улс төрийн ур ухаан гаргах ёстой. Улс төрийн ур ухаан гэдэг бол удирдаж, удирдуулж байгаа хүмүүс зөв ойлголцож ажиллахын нэр. Ерөнхийлөгчийнхөө гаргасан санал, чиглэлийг их зөв, тодорхой бодлого болгон гаргаж тавих хэрэгтэй. Тулгамдаж байгаа ямар асуудал байна гэдгийг олж харан, төрийн бодлого болгох ёстой. Мэдээж Ерөнхийлөгч гол бодлогоо гаргана. Түүнийг нь улам сайжруулж, олон түмний санаа бодлыг тусган, төрийн бодлого болгон хэрэгжүүлнэ гэдэг Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олны үндсэн үүрэг, ажлын ур ухаан, улс төрийн мэдрэмж. Тухайлбал, өнөөдөр ард түмний амьдралыг сайжруулах, орлогыг нь нэмэгдүүлэх, эдийн засгаа тогтвортой байлгах гэх мэт түмэн олны хүсээд байгаа зүйлийг хийж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Үе үеийн Ерөнхийлөгч, түүний Тамгын газар энэ л бодлогын төлөө ажиллаж байсан. Жишээ нь, анхны Ерөнхийлөгчийн үед өмч хувьчлалыг эхлүүлсэн нь тухайн үедээ ард түмний хүсэн хүлээсэн, тэдэнд тустай бодлого байсан шүү дээ. Харин өнөөдөр төрийн алба хашиж байгаа хүмүүсээс сахилга, хариуцлага нэхэж, жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна.

Ерөнхийлөгчийн хувьд засаглал хоорондын ажлын уялдааг хангаж ажиллах нь чухал. Төрийн тэргүүнд эрх нь байгаа учраас хууль санаачлан тулгамдсан асуудлыг шийдэж болно. Эсвэл хариуцан ажиллаж байгаа байгууллагуудын сонсголыг ҮАБЗ-ийн түвшинд сонсож, тодорхой үүрэг, даалгавар өгөн, хяналт тавих ч эрхтэй. Тэр болгонд Тамгын газар хамт байдаг. Монгол Улсын Мянганы хөгжлийн сорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын төсвийг манай Тамгын газрынхан 2008 оны эхээр боловсруулан УИХ-аар батлуулж байв. Энэ бол 10 гаруй жил хэрэгжих ёстой, урт хугацааны бодлого л доо. Төслийг нь боловсруулахын тулд олон судалгаа хийсэн. Дэлхийн улс орнуудын хөгжлийн бодлого ямар байна, бүс нутгийн хандлага нь хаашаа чиглэж буй гэх зэргээр харьцуулан судалж, салбаруудын бодлогыг нэгтгэн өргөн барьсан юм. Ингэхдээ эрдэмтэн, судлаачид, иргэдийнхээ саналыг өргөн хүрээнд авсан. Одоо тэр бодлогын араас Засгийн газар “Алсын хараа-2050” баримт бичиг баталчихаад байна. Ингэж л асуудалд хандаж ирсэн. Энэ бол үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын хийж,  хэрэгжүүлж ирсэн ажлын нэгээхэн хэсэг. Дэлхийн шилдэг уран зохиолын 50 ботийг орчуулж, хэвлэн гаргахын тулд ажлын хэсэг байгуулан ажиллаж байлаа. Уран зохиолоор дамжуулан дэлхийн соёл иргэншил, амьдрал, зан заншил, төрийнх нь бодлоготой хүртэл ард түмнээ танилцуулахын тулд энэ том ажлыг хийсэн юм.Түүнчлэн Монгол Улсын үндэсний атласыг шинэчлэн гаргасан гээд дурсахад сайхан байна.

-Тухайн үед Тамгын газрынхны ажлын ачаалал их байв уу?

-Ер нь аль ч цаг үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын ачаалал бага байдаггүй. Яагаад гэвэл, Тамгын газрын үйл ажиллагаа бол Монгол Улсын түүхийн нэг хэсэг. Хамгийн наад зах нь тухайн жилийнхээ бичиг баримтыг яг архивын шаардлага хангах хэмжээнд боловсруулж, үлдээх ёстой. 30 жилийн дараа үзэхэд ч тухайн баримт агуулах ёстой мэдээллээ бүрэн оруулсан байх нь бидний үүрэг. Хэрэв зарим мэдээллийг дутуу оруулбал тэр нь олдохгүй, улмаар түүхийг буруу ойлгож, аль нэг шийдвэр алдаатай гарах эрсдэлтэй. Одоо Тамгын газрынхны ажлын ачаалал магадгүй бүр ихэссэн байх. Хариуцлагагүй ажил гэж байхгүй. Хариуцсан ажлаа шаардсан хэмжээнд хүртэл гүйцэтгэх нь л бидий үүрэг.

-Таныг Тамгын газрын даргаар ажиллаж байхад Ерөнхийлөгч орон тооны бус зөвлөхтэй байсан уу?

-Ерөнхийлөгчийн тухай хуульд Ерөнхийлөгч орон тооны бус зөвлөх, ажлын хэсэгтэй байж болохоор заасан. Тухайн үед орон тооны бус 35 орчим зөвлөх байсан. Салбар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн. Монгол Улсын хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулсан хүмүүсийг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулдаг.

-Цаашид Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг хэрхэн бэхжүүлж, үйл ажиллагааг нь илүү сайжруулах тухайд та ямар саналтай байна вэ?

-Нэг л бодол байдаг. Тамгын газрын дарга байхдаа ч энэ талаар хэлдэг байсан. Төрийн алба тогтвортой байх ёстой. Тамгын газрын хамт олон бол төрийн албаныхан. Тамгын газрын дарга,бодлогын буюу орон тооны зөвлөх, шадар туслах зэрэг нь улс төрийн албан тушаал учраас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад чөлөөлөгддөг байж болно. Цаана нь байгаа төрийн захиргааны жинхэнэ албан хаагч, референт, шинжээч нарыг тогтвортой ажиллуулах ёстой. Ерөнхийлөгч солигдоход ерөнхийдөө тэнд ажилладаг хүмүүс жил, жил хагасын дараа өөрчлөгдөөд байх шиг санагддаг. Тэднийг битгий солиосой, өөрчлөөсэй. Төрийн бодлогыг уламжлуулж, тогтвортой, итгэл үнэмшилтэй, ажлаа улам сайжруулж хийхийн төлөө зүтгэж байгаа тэдний мэдлэг, туршлагыг нь төр, ард түмэн ашиглах ёстой.

Б.Номин

2020.10.30 Баасан гараг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх