ЖАНЧИВЫН ОЮУНГЭРЭЛ
/1955-2020/
Монголын Улс төр, Нийгмийн зүтгэлтэн, Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, “Петровис” группын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, Шинжлэх ухааны (Sc.D)доктор, Монгол Улсын Худалдааны Гавъяат ажилтан Жанчивын Оюунгэрэл 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнд Монгол Ардын Намын Бага хурал, Удирдах Зөвлөл гүн эмгэнэл илэрхийлж байна.
Ж.Оюунгэрэл нь Улаанбаатар хотод Жанчивын ууган охин болж 1955 онд төржээ. 1963-1973 онд Улаанбаатар хотын нэгдүгээр арван жилийн сургууль, 1973-1974 онд ОХУ-ын Эрхүү хотод орос хэлний бэлтгэл сургууль, 1974-1979 онд ОХУ-ын Москва хотод И.П.Губкины нэрэмжит Нефть, хийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр сурч төгсчээ. 2004-2006 онд ОХУ-ын Москва хотноо И.П.Губкины нэрэмжит Нефть, хийн академийн аспирантурт суралцан 2007 оны 1-р сард Газрын тосны шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Мөн АНУ, Англи улсад, Кэмбридж, Оксфордын суруульд, Голландын Маастрихтын Их Сургууль, АНУ-ын Артур Д’Литтлийн сургуульд нефтийн маркетинг, менежментийн курст тус тус суралцан мэргэжил дээшлүүлсэн.
Ж.Оюунгэрэл ажлын гараагаа 1979 оноос Нефть хангамжийн төв баазаас эхэлж, тоо бүртгэгч, эдийн засагч, ахлах эдийн засагч, 1982-1990 онд Нефть хангамжийн удирдах газрын эдийн засагч, ахлах эдийн засагч, хангамж хариуцсан мэргэжилтэн, 1990-1992 онд Нефть импорт хангамжийн удирдах газрын ерөнхий захирал, 1992-1994 онд Нефть импорт концерний ерөнхий захирал, 1994-1996 “НИК” ХК-ий ерөнхий захирал, 1996 оноос “Петровис” ХХК-ийн Ерөнхий Захиралаар ажиллаж, Монголын газрын тосны салбарт 40 гаруй жилийн тууштай хөдөлмөр, чин сэтгэлээ зориулсан юм. Тэрээр газрын тосны хайгуулын “Петроматад” компанийг 2007 онд байгуулан, өнөөг хүртэл хайгуулын ажлыг тасралтгүй хийсээр ирсэн юм.
Ж.Оюунгэрэл “Петровис” группын ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч, Монголын СЕО клубын үүсгэн байгуулагч, Улаанбаатар хот дахь “Бритиш” сургуулийн ТУЗ-ийн дарга, Энержи Ресурс компаний ТУЗ-ийн гишүүн, “Хүрээ Ротари” клубын үүсгэн байгуулагч зэрэг олон хариуцлагатай албыг нэр төртэй хашиж Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан юм.
Бидний анд нөхөр Ж.Оюунгэрэл маань Монгол Ардын Намд 1990 онд гишүүнээр элсэж байлаа. Монгол Ардын Намын XXV Их хурлаас сонгогдсон Бага хурлын анхдугаар хуралдаанаар намын Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдон, улс орныхоо улс төр, эдийн засаг, нийгмийг шинэчлэх улс төрийн ууган хүчний манлайлагч, эмэгтэй улс төрч, зүтгэлтнүүдийн нэг байлаа.
Тэрбээр Монголын улс төр, бизнесийн салбар, хамт олон, найз нөхдийнхөө дунд өндөр нэр хүндтэй, манлайлан хошуучлагч, шалгарсан удирдагч байсны зэрэгцээ хойч ирээдүй, залуусынхаа хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь төрөл бүрийг дэмжлэг үзүүлэн, олон арван ажлыг санаачлан, хэрэгжүүлж, сэтгэл харамгүй тусалдаг өөдрөг, өгөөмөр нэгэн байлаа. Хүүхэд залуучуудын дунд авъяаслаг хүүхэд залуучуудыг шалгаруулах “Авъяас XXI” сан байгуулан, арван жилийн болон их дээд сургуульд суралцаж байгаа шилдэг сурагч, оюутнуудыг шалгаруулж шагнаж, цаашдын өсөлт хөгжилд оюуны хөрөнгө оруулалт хийж байсан юм.
Ж.Оюунгэрэлийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж 2000 онд Монгол Улсын худалдааны Гавъяат Ажилтан, 1995 онд Үйлдвэр Худалдааны Яамны “Тэргүүний ажилтан”, Шилдэг менежер цол, 2005 онд МАСЗХ-ноос шалгаруулдаг “Алтан Сарнай”-н шилдэг бизнесмен цол өргөмжлөл, Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын “Компаний шилдэг эмэгтэй захирал” цол, “Оны шилдэг хатагтай өргөмжлөл, “Forbes Mongolia Awards”-ын Шилдэг энтрепренер эмэгтэй, “Forbes Mongolia Women” сэтгүүлийн “Бизнесийн хамгийн хүчирхэг 50 эмэгтэй” зэрэг шагналуудаар тус тус шагнасан юм.
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Эрхэм журмын нөхөр, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Оюунгэрэлийн маань бүтээлч, оюунлаг, ажилч дайчин зан чанар, гэгээн дүр төрх нь намын нөхөд биднийхээ зүрх, сэтгэлд үүрд гэрэлтэн орших болно.
Талийгаачийн гэр бүл, үр, хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
УМ САЙН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ
МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ