Ш.Чимэдцэеэгийн найман жилийн хүлээлтийг “Дуунд залбирсан тавилан” биелүүлнэ

2020 оны 10-р сарын 29 өдөр, 17 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
123254871_997779894023310_1667762308485995306_n

Наран мандах Сүхбаатар нутгийнхандаа Чимээ эгч хэмээн хүндлэгдсэн, Монголын уртын дууны гайхамшгийг дэлхийн олон оронд сурталчилж, өвөрмөц дуу хоолой төдийгүй урлагийн хүний үзэсгэлэнт төрх, донжоороо Монгол ард  түмний талархлыг хүлээсэн Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ ирэх сарын 28-нд хийх “Дуунд залбирсан тавилан” гэсэн тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

  Тэрээр “Би жил бүр бие даасан тоглолтоо хийдэг байсан. Энэ хугацаанд 40 гаруй тоглолтыг сонсогчиддоо хүргэсэн байна. Харин энэ уламжлал тасраад найман жил өнгөрчээ. Тиймээс ирэх сард хийх тоглолт дуучин би төдийгүй Монгол түмний найман жилийн хүлээлтийг биелүүлэх сайхан тоглолт болно гэсэн итгэл дүүрэн байна. Өмнө нь Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад  багштайгаа хамт,  багшаасаа хойш Ардын жүжигчин А.Долгорыг тоглолтдоо оруулдаг байсан. Харин энэ удаагийн тоглолтоо  шавь нартайгаа хамтарч хийж байгаагаараа онцлогтой. Миний шавь нар алдар нэртэй сайхан дуучид болсон. Мөн долоон хүний бүрэлдэхүүнтэй байхад нь орж 20 гаруй жил ажилласан Морин хуурын чуулгын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ,  Монголын уртын дууны холбооны 108 дуучин, Uvertura хамтлаг, шавь нарын маань “Чанадын чанадаас” хамтлаг оролцоно. Өөр олон хүн оролцох хүсэлтээ өгсөн. Тоглолтоо нэрлэсэн “Дуунд залбирсан тавилан” дууныхаа үгийг би өөрөө бичсэн. Би дууны төлөө төрж, дууны төлөө амьдарсан хүн. Амьдрал минь насаараа дуутай холбоотой явж ирлээ. Үүнийхээ шимийг хүртэж ард түмнийхээ хайраар өлгийдүүлж явж байна” гэж ярилаа. Тоглолт “Ub Palace”-д болно. Тасалбарыг нь CD дагалдах юм байна.

 Тоглолтын найруулагчаар ажиллаж буй МҮОНРТ-ийн Соёл урлагийн найруулагч Т.Батбаатар  “Чимээ эгч бид хоёр нэг нутгийн хүмүүс. Тиймээс тоглолтынх нь найруулагчаар ажиллах хүндтэй үүргийг авч сайхан тоглолт хүргэхийн төлөө ажиллаж байна.Дууныхаа агуулгад тохирсон тайз, дэлгэцийн шинэлэг шийдлийг  нэвтрүүлэхээр хичээж байна” гэв.

Амьдралд нь тохиолдсон хүнд хэцүү  асуудалд нь туслахаар Сүхбаатар нутгийнх нь эмэгтэйчүүд хандивын аян эхлүүлжээ. Энэ талаар  “Зууны мэдээ” сонины тоймч Ч.Үл-Олдох “Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн “Талын түрлэг” клубээ төлөөлөн энэ хуралд оролцож байна.Бидний хайртай дуучин маань байраа алдахад хүрсэн талаар та бүхэн сонссон байх. Тиймээс Солонгост амьдардаг Ариунжаргал, Японд амьдардаг Р.Энхтуяа гэсэн Сүхбаатар аймгийн хоёр эмэгтэй санаачилж “Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ эгчдээ тусалъя” гэсэн хандивын аянг эхлүүлж, урлагт хайртай эмэгтэйчүүд, ээжүүдээ уриалаад “Сүхбаатарын хүүхнүүд” гэсэн хөдөлгөөн өрнүүлсэн. Аяны хүрээнд одоогоор  гурван сая гаруй  төгрөг цугларсан байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх