Өнөөдөр Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, Хотын дарга болон НИТХ-ын даргад нэр дэвшигчдийг санал болголжээ. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргасан байна.
Мөн хуралдааны үеэр МАН-ын генсек Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүнээсээ татгалзах улстөрчийн хувьд хүнд шийдвэр. Гэхдээ намын дарга, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хүлээн авч байгаа Д.Сумъяабазар даргадаа талархаж байгаагаа илэрхийлье. Бидний өмнө сонгуулиар итгэлээ өгсөн нийслэлчүүдийн итгэлийг ажил хэрэг болгон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чухал хариуцлага хүлээж байна. Бидэнд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж байсан гашуун түүх бий. Биднийг намын 100 жилийн ой, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн маш том 2 үйл явдал ирэх жилд хүлээж байна. Иймээс Д.Сумъяабазар даргыг намын зүгээс итгэл хүлээлгэн илгээж байна гэв. Хотын дарга УИХ, Засгийн газарт хүртэл ажиллаж чадах зангарагтай чадвартай хүн байх ёстой. Улс төрийн туршлага, мэдлэг чадварыг нь ашиглах гэж бид өөрөөр нь энэ хүнд шийдвэрийг гаргуулсан гэдгийг та бүхэн ойлгоорой гэв.
Тэргүүлэгчдийн гаргасан саналыг Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар хэлэлцэж, үргэлжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөл эцсийн шийдвэрийг гаргана.