Монголд ажиллаж байсан Польшийн мэргэжилтнүүдийг төлөөллийг ЭСЯ-нд хүлээн авч уулзав

2020 оны 10-р сарын 19 өдөр, 10 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2

 БНПУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монголд ажиллаж байсан Польшийн мэргэжилтнүүдийг төлөөлүүлж, Польшийн иргэн 92 настай Зжислав Банашикийг Элчин сайд Б.Дорж хүлээн авч уулзах арга хэмжээг Варшав дахь ЭСЯ 2020 оны 10 дугаар сарын 14-нд зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээнд БНПУ-ын ГХЯ-наас Элчин сайд К.Бойко болон Европын Бизнесийн клубын дарга Я.Чеслак нар хүрэлцэн ирж оролцов.

1990 оноос өмнө Польшийн тусламжаар Хөнгөн бетоны, Царууц тоосгоны, Халиман цавууны, Нэхээсгүй эдлэлийн зэрэг 10 шахам үйлдвэр аж ахуйн газар Монголд байгуулагдсан байдаг. Тэдгээрийн нэг болох Барилгын мужаан, мебелийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад төслийн ерөнхий инженерээр Зжислав Банашик 1967 оноос 1971 он хүртэл Монголд ажиллаж байжээ. Түүнчлэн Польшийн мэргэжилтнүүд палеонтологи, геологи хайгуулын экспедицүүдэд ажиллан Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байсныг дурдах нь зүйтэй.

Элчин сайд хэлсэн үгэндээ “тэртээх жилүүдэд Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн “чимээгүй” баатруудыг бид мартах ёсгүй. Танаар дамжуулж тухай үед ажиллаж байсан бусад хүмүүстэй холбоо тогтоох, бидний өнөөгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс суурь болсон Та бүхний гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, Монгол, Польшийн харилцаанд оролцогч хойч үеийнхэнд  үлгэр дууриал болгох”-ын чухлыг цохон тэмдэглэв.

Арга хэмжээнд оролцогсдод зориулж, 1960, 1970 оны Улаанбаатар, өнөөгийн Монгол Улсын хөгжлийг харуулсан дүрс бичлэг, танилцуулгыг хийж, урлагийн тоглолт үзүүлж, монгол хоолоор дайлсан бөгөөд З.Банашикт дурсгалын зүйл гардуулж, хүндэтгэл үзүүлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх