Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв эмнэлэгт 2020 оны 08 сарын 23-наас 10 сарын 02-нд хугацаанд эмч, эмнэлгийн ажилчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, шинэ хобби сонирхолтой болох, стрессээ тайлж сурахад чиглэгдсэн үйл ажиллагаа өрнөж өнөөдрөөр амжилттай дууслаа.
“Урлагийн сэтгэл засал нь төрөл бүрийн урлагийн хэрэгслүүдийг утга учиртай ашиглаж үйлчлүүлэгчийн сэтгэлийн зовуур, айдас түгшүүр, санаа зоволт, стресс бууруулах, асуудлын мөн чанараа ойлгох, асуудлаас ангижрах арга замаа олж авахад чиглүүлдэг мэргэжлийн үйл ажиллагаа юм.
Арга хэмжээнд ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах, ГССҮТ-ийн Ёс зүйн хорооны дарга, мэс заслийн эмч И.Гантулга, төслийн зөлөх, АШУИС-ын багш Д.Дашмөрөн, “Сэтгэлийн өв” ТББ-ын тэргүүн Г.Ганчимэг, Монголын урчуудын эвлэлийн хорооны зураач Б.Сарангоо нар оролцлоо.
Арга хэмжээг нээж ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах хэлсэн үгэндээ “Сэтгэл зүйч н.Пүрэвсүрэн эмч санаачлан эмч, ажилчдын дэмжлэгтэйгээр “Art therapy” төслийг амжилттай хэрэгжүүллээ. Сэргээн засах эмчилгээний нэг төрөлд “Art therapy” буюу “Урлагийн эмчилгээ” ордог. Тиймээс энэ төслөөр дамжуулан эмч, ажилчдын хоорондын харилцаа, хандлагыг сайжруулах, цагаа зөв боловсон өнгөрүүлэх, стрессээ тайлах нэгэн боломж бүрдэж байна. Нөгөө талаасаа эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид өвчин зовлонгоос болоод сэтгэл зүйн олон асуудалд өртдөг учраас энэхүү арга хэмжээ маань хүрээнд хийгдсэн бүтээлийг эмнэлгийн орчинд байрлуулсан нь иргэдэд ч сайн нөлөөтэй үйл ажиллагаа болж байна.
Одоогийн байдлаар нийт 60 гаруй бүтээл гаргасан байна. Энэ дашрамд сэтгэл зүрхээ гаргаж энэ төсөлд хамрагдсан эмч, эмнэлгийн ажилчиддаа баярлалаа гэж хэлмээр байна.” гэсэн юм.
“Art therapy” төслийн хүрээнд өнөөдөр уран зургийн үзэсгэлэн гарч байгаа бөгөөд үзэсгэлэн 14 хоног үргэлжилнэ гэв.
ВИДЕО: