БНСУ-д оршин суух визийн хугацаа хэтрүүлсэн иргэд жагсаалтын дагуу тусгай үүргийн нислэгт багтсан ч БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газарт сайн дураар нутаг буцах хүсэлтээ бүртгүүлээгүйгээс Инчон ОУНБ-аас нутаг буцаж чадалгүй буцаагдах тохиолдол гарсаар байна. Иймд визийн зөрчилтэй иргэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
1. Сайн дураар нутаг буцах хүсэлт /자진출국/-ийг харьяа ГИХГ /immigration/-т ажлын 4-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. Сайн дураар нутаг буцах хүсэлтийн хүчинтэй хугацаа 30 хоног байх ба энэ хугацаанд тусгай үүргийн нислэгт хамрагдаж чадаагүй тохиолдолд хүчинтэй хугацаа дуусахаас өмнө харьяа ГИХГ-т очиж дахин сунгуулна.
2. Сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан иргэд нислэг үйлдэгдэх өдөр нислэгийн бүртгэл эхлэхээс 2-3 цагийн өмнө Инчон ОУНБ-д очиж онгоцны буудлын ГИХГ-т сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан бичиг болон нислэгийн тийзийн хамт бүртгүүлж тэмдэглэгээ хийлгэж, шалгуулна.
3. БНСУ-д төрсөн оршин суух визгүй хүүхдийн хувьд /эцэг эх нь оршин суух визтэй ч суугаа орны ГИХГ-т бүртгэгдээгүй хүүхэд мөн хамаарна/ эмнэлгийн төрсний тодорхойлолт /출생진단서/, гадаад паспорт, эцэг эхийн гадаад паспортын хамт ГИХГ-т бүртгүүлж, торгууль /хүүхдийн оршин суусан хугацаанаас торгуулийн хэмжээ хамаарна/ төлснөөр хилээр гарах эрх нээгдэнэ. Хүүхдээ бусдад итгэмжлэн нутаг буцааж байгаа тохиолдолд хүүхдийн эх, эцэг итгэмжлэл гаргаж, ЭСЯ-ны Консул хэлтсээр нотариат хийлгэсэн байна. Итгэмжлэл болон орчуулгын эх хувийг хүүхдийг итгэмжлэн авч яваа хүн биедээ авч явна.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс