ЦЕГ-аас “Сүүдэр бүү тусга” арга хэмжээний хүрээнд ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгууллаа

2020 оны 09-р сарын 28 өдөр, 12 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
xbk46

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Сүүдэр бүү тусга” соён гэгээрүүлэх арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас Улсын Ерөнхий прокурорын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг энэ оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Мөрдөн байцаах албаны хурлын танхимаас цахимаар зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөнд Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Н.Алтанзаяа, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл болон аймаг, дүүргийн Прокурорын газар, Мөрдөн байцаах алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, прокурор, мөрдөгч нар оролцсон юм.

Зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Энх-Амгалан нар өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, анхаарч хэрэгжүүлж ажиллах чиглэлээр танилцуулга, мэдээлэл хийлээ.

Мөн хүүхдийн эрх зөрчигдсөн, өртөж хохирсон гэмт хэргийг шуурхай шалган шийдвэрлэх, нуугдмал гэмт хэргийг нөхөн илрүүлэх, насанд хүрээгүй хүнийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хамгаалалтад авах ажлыг зохион байгуулахад гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцож, зохих шийдвэрүүдийг гаргаж хамтран ажиллахаар болов.

Эх сурвалж: ЦЕГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх