НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

2020 оны 09-р сарын 23 өдөр, 09 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Secretary-General António Guterres addresses the  General Assembly 75th session: General Debate

-        Report of the Secretary-General on the work of the Organization

Энэ 9 дүгээр сарын 22-нд Нью-Йорк хотноо “Бидний хүсч буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ: Олон талт хамтын ажиллагааг даган мөрдөх хамтын үүрэг амлалтаа дахин нотлох нь” сэдвээрх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл  эхэллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хэлсэн үгэндээ хүн төрөлхтөн дэлхийн геостратегийн зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үл итгэлцэл,  цахим технологийн сөрөг үр дагавар, КОВИД-19 цар тахал зэрэг 5 сорилттой тулгарч байгааг сануулж, 2020 оны 3 дугаар сард түүний санаачилсан “Дэлхий нийтээр гал зогсоох уриалга”-д 180 улс нэгдсэнийг мэдээлэн, дэлхийн хамгийн том эдийн засагтай 2 гүрний хооронд зөрчил маргаан лавшрах төлөвтэй байгаад санаа зовинож буйгаа илэрхийлж, КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манлайлах үүрэгтэй гэж мэдэгдэв. НҮБ-ын ЕА-н 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкир хэлэхдээ олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх,  НҮБ-ын хүмүүнлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зэргийг энэ удаагийн чуулганы тэргүүлэх чиглэлүүд болгон ажиллахаа мэдэгдэж, КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд НҮБ-ын агентлагууд, түүний дотор  ДЭМБ-ын хүч чармайлтыг нэмэгдүүлэх  ёстойг онцлон, цар тахал, ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт болон бусад сорилттой үр дүнтэй тэмцэхийн тулд НҮБ-ын чадавхийг бүрэн ашиглаж, хамтран ажиллахыг гишүүн улсуудад уриалсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн 9 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд үг хэлж, манай улсын олон улсын харилцааны асуудлаарх байр суурийг илэрхийлж,  гадаад бодлогын зорилт, чиглэлүүд, “КОВИД-19” цар тахлын эсрэг нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 9 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд үргэлжилнэ.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА  БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх