Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

2020 оны 09-р сарын 17 өдөр, 14 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
119597415_1748973141923554_8397692056078434989_n_20200917123720

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа зарим ажлуудын талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал, “Тавантолгой түлш” компанийн хэвлэлийн төлөөлөгч Ш.Батсуурь нар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөсөн. Гүйцэтгэл 80 хувьтай хэрэгжиж байна. 2020 оны зуны засварын хугацаанд нийт 498 хэрэглэгчийн гадна дулааны шугамд нягтын шахалт хийхээр төлөвлөснөөс есдүгээр сарын 10-ны байдлаар 215 хэрэглэгчийн 36 томоохон салаа шугамд шахалт хийж, 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нөөцийн махны тухай Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотын хэмжээнд 20 мянган тонн мах бэлтгэх үүргийг ХХААХҮЯ-аас Улаанбаатар хотын Захирагчийн албанд ирүүлсэн. Үүний дагуу энэ ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Урьдчилсан байдлаар нөөцийн махны борлуулалтад оролцох сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүд нөөцийн махыг бэлтгэнэ. Тэдгээр аж ахуйн нэгжүүд арилжааны банкнаас зээл авах хүсэлтээ ирүүлсэн. Тэдний хүсэлтийг харгалзан банкууд зээл олгосны дараа 9, 10 дугаар сард хөдөө орон нутгаас мах бэлтгэж, нөөцлөх худалдан борлуулах ажлын зохион байгуулалтын ажлыг хийнэ” хэмээв.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал “Энэ жил төвлөрсөн дулаан хангамжид нийтдээ дөрвөн эх үүсвэрээс 25400 тонн нүүрсийг хангаж ажиллахаар бэлтгэл ажил хангагдсан байна. Зуны засварын ажил шугам сүлжээний хувьд бүрэн хангагдсан. Есдүгээр сарын 15-наас эхлэн орон сууцны барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох ажлууд хийгдээд явж байна. Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангаж ажиллана. Өнөөдрийн байдлаар 10 гаруй байршилд 20-иод орон сууцны барилгуудын засвар нь хийгдэж дуусаагүй байна. Бид аль болох энэ долоо хоногтоо багтааж, засвар үйлчилгээг дуусгахаар зорьж ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Нийслэлийн Засаг даргын А/1036 тоот захирамж гарсан. Энэхүү захирамжаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг дэх айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, зуух яндангаа хөөлөх, пийшингийнхээ хэвийн үйл ажиллагааг хангах, түлш нөөцлөх ажлуудыг зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Энэ хүрээнд наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд “Яндангаа хөөлье” сарын аяныг зохион байгууллаа. Тэгвэл энэ аяныг 10 дугаар сарын 15-ныг хүртэл дахин нэг сарын хугацаанд сунгаж, гэр хорооллын айл өрхүүдэд зуух, яндан, пийшингийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж, мэдээллийг хүргэж, ажиллахаар болсон” гэсэн мэдээллийг өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх