Хавдар Судлалын Үндэсний Төвийн Төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
“Долоон аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийг иж бүрэн шинэчилнэ”
Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ ” Эрүүл мэндийн байгууллагын нэн тэргүүний зорилт нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, халдвараас сэргийлэх зэргээр үйлчлүүлэгчээ дээдэлсэн тусламж үйлчилгээнд чиглэгддэг.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагад халдвараас сэргийлэх хяналтын тогтолцоог бэхжүүлэн ариутгал, халдваргүйтгэлийн чанарыг сайжруулах, ариутгалын орчин үеийн тоног төхөөрөмжөөр үе шаттай хангах, хүний нөөцийг нэмэгдүүлэх хэрэгцээ тулгарч байгааг чухалчилж тэмдэглэсэн.
Өнөөдөр бид ЭМСХХ-5 төслийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар 257 сая төгрөг, 14 нэр төрлийн 19 ширхэг 844,5 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх тэмдэглэлт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн цогц үйл ажиллагаа нь Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа Коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн төслийг хэрэгжүүлэхээр зээлийн хэлэлцээрийг энэ оны тав дугаар сард байгуулсан. Тус санхүүжилтийн хүрээнд долоон (Архангай, Төв, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий) аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн иж бүрэн шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Удахгүй ГССҮТ-ийн ариутгалын тасгийг иж бүрэн шинэчлэн ашиглалтад оруулах юм.
Төслийг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа сайжруулахад Та бүхний дэмжлэг, идэвх оролцоо ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өнөө цагт энэхүү төслийн ач холбогдлыг өндөр үнэлж байгаа юм. Энэхүү төслийн залгамж чанарыг хадгалан, эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт хяналтыг хангах үйлсэд улам их амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.” гэсэн юм.
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран “ Өнөөдөр ХСҮТ-ийн ариутгалын нэгдсэн тасгийн засвар, шинэчлэлийн ажлыг хүлээн авах үйл ажиллагаанд оролцож байгаадаа туйлын баяртай байна. ХСҮТ нь улс хэмжээнд хавдрын өвчтэй хүмүүсийг эмчлэх гол төв болж байгаа. Тиймээс Улаанбаатар гэлтгүй үндэсний хэмжээнд тэргүүлэх эмнэлэгт бидний зүгээс хөрөнгө оруулсанд баяртай байна.
Энэхүү их засварын ажлыг хийж гүйцэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон эмнэлгийн баг хамт олон эмч, сувилагч нарт талархаж байна. Азийн хөгжлийн банкнаас хийж буй энэ хөрөнгө оруулалт зөвхөн нэг хэсэг нь байгаа. Мөн энэ тасагт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд технологийг яаж ажиллуулах вэ гэдэг тал дээр сургалт хийж байгаа.
Энэхүү хөрөнгө оруулалт нь ЭМСХХ-5 төслийн хүрээнд хийгдсэн санхүүжилт бөгөөд төсөл нь хэд хэдэн бүрэлдэхүүн хэсэгтэй. “ гэсэн юм.
ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн эмчилгээний үр дүн сайтай, ямар нэгэн халдвар авч эмнэлгээс хүндрэхгүй гарах, шархны эдгэрэлт нь хурдан байх зэрэг маш олон эмчилгээний асуудал байдаг. Энэ асуудлыг шийдэхэд хамгийн түрүүнд эмнэлэг дотор суурь үзүүлэлт болох ариутгал, халдваргүйтэл болон эмнэлгийн дотоод халдвар дамжихгүй байх нь чухал. Тиймээс эмнэлгийн багаж, хэрэгслүүдийг хамгийн өндөр төвшинд зөв ариутгасан байх хэрэгтэй. Харин өнөөдөр эмнэлгийн багаж, хэрэгслүүдийг олон улсын стандартад нийцсэн төвшинд ариутгах боломж ХСҮТ-т бий боллоо. Азийн хөгжлийн банк, Монгол улсын Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр орчин үеийн стандартад хангасан ариутгалын нэгдсэн тасаг ашиглалтад орж байгаад бид бүхэн баяртай байна.” гэв.
ВИДЕО: