Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Намсрайжавын Батсуурь сэргээш хэрэглэсэн эсэх талаар олон нийтэд эргэлзээ төрүүлээд байсан билээ. Тэгвэл залуу аварга өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д албан ёсны мэдээлэл хийж, допингийн шинжилгээний талаарх мэдээлэлд хариу өглөө. Тэрээр “Миний бие үндэснийхээ баяр наадамд долоон удаа шөвгөрлөө. Энэ хугацаанд 10 удаа допингийн шинжилгээ өгсөн байдаг. Энэ удаагийн шинжилгээгээр миний биеэс “Предизин” гэх допингийн С4 төрөлд багтдаг бодис илэрсэн. Би шинжилгээнийхээ хариуг хүлээн зөвшөөрч байна. Мөн Монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Гэхдээ миний бие эрүүл бөгөөд надад ийм төрлийн эм уух шаардлага байхгүй. “Предизин” гэх эм миний биеэс маш бага хэмжээгээр илэрсэн. Уг эмний талаар судлаж үзэхэд, зүрхний шигдээсний үед уудаг бөгөөд эмийн сангуудад 400 төгрөгөөр зарагддаг юм байна лээ. Би энэ эмийг уугаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Тиймээс надад уг эмнээс нэг ширхэгийг хольж өгсөн болов уу гэж хардаж байна. Тамирчдадаа хандаж хэлэхэд идэж уух зүйлдээ анхааралтай байгаарай. Би хэзээ ч Дархан аварга болох мөрөөдлөө 400 төгрөгний эмээр солихгүй” гэв.
Эх сурвалж: www.polit.mn