Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Оргил худалдааны төвд “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” өдөрлөг боллоо.
НҮБ-аас санаачилсан Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өдрийг “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд зохион байгуулж буй энэхүү өдөрлөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир нээсэн юм.
Өдөрлөгөөр дулаалгын материал, шалны халаалт, дулаан баригч, цахилгаан, хийн халаагуур гэх мэт эрчим хүчний хэмнэлттэй, өртөг багатай, байгал орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг танилцуулах, ногоон зээлийн үйлчилгээний талаарх мэдээллийг банк, санхүүгийн байгууллагууд өгч, зээлийн үйлчилгээг газар дээр нь хүргэж ажиллав.
Өдөрлөгт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамтран оролцож дулаалга хийх, сайжруулсан түлшээ нөөцлөх талаар иргэдэд сурталчилж, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зуух, яндан, ханан пийшингийн битүүмжлэл шалгах, заавар зөвлөмж өглөө.