М.Тулгат: Харалган шийдвэр, үргүй зардалд сэтгэл эмзэглэхээ больчихож, эрх баригчид

2020 оны 09-р сарын 02 өдөр, 15 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5f4dc98e5432e

НИТХ дахь АН-ын зүгээс  хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, эрх баригч МАН, түүний Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. Энэ талаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгаттай ярилцлаа.

-Өнөөдөр эцэг, эх, хүүхдүүдийн өмнө тулгарч байгаа хамгийн том асуудал бол цэцэрлэг. Энэ Засгийн газар 3-5 настныг ялангуяа ирэх жил сургуульд орох хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна гэсэн шийдвэр гаргасан. Гэвч цэцэрлэгт орж чадаагүй хүүхдийн тоо урьд жилийнхээс эрс өслөө. Энэ асуудалд танай нам нэлээд шүүмжлэлтэй хандаж байна?

– 2016 онд МАН НИТХ-ын сонгуульд оролцохдоо “Жаргалтай үрс” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бүх дүүргийн хороодыг цэцэрлэгтэй болгоно. Цэцэрлэгийн хүртээмжийг 85 хувьд хүргэнэ гэсэн амлалт өгч байж сонгуульд ялалт байгуулсан шүү дээ. Гэтэл тэр амлалтын нь хэрэгжилт ямар байгааг бодит амьдралаар харуулж байна. Өнөөдөр нийслэлд л гэхэд огт цэцэрлэггүй 16 хороо байна. МАН бүх хороодыг цэцэрлэгтэй болгоно гэсэн амлалтаа биелүүлсэнгүй. Цэцэрлэгийн хүүхдийн хүртээмжийг 85 хувьд хүргэх зорилтоо биелүүлээгүй учраас коронагаар шалтаглан энэ жил хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл биелүүлж чадаагүй амлалтаа “корона” руу чихчихлээ гэсэн үг.

Өнөөдөр манай улсад цэцэрлэгийн насны 145 000 хүүхэд байна. Эднээс хоёр настан болон цэцэрлэг хүрэлцээгүйгээс болоод 61000 хүүхэд гэртээ үлдэх боллоо. Энэ хүүхдүүдийн эх, эцгийн хэн нэг нь ажил хийхгүй хүүхдээ харна гээд бодвол 40 000 орчим хүн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж байгаа юм. Хүүхэд харж байгаа хүн бол ихэвчлэн хөдөлмөрийн насныхан байдаг. Манай статистикийн мэдээгээр бол нэг хүний дундаж цалин сая төгрөг. Ингээд бодохоор сард 40 тэрбум төгрөгөөр эдийн засгийн боломжоо алдаж, айл өрхийн орлого буурч байгаа юм. Яг энэ хэмжээгээр Монгол Улс баялаг бүтээх боломжоо ч алдаж байгаа. Цэцэрлэгийн хангамж хүрэлцээг шийдээгүйгээс болж ийм олон сөрөг үр дагавар гарч байгаа юм.

-Дэлхийг хамарсан энэ цар тахлаас үүдэн аль ч улс оронд, бүүр айл өрх бүрт эдийн засгийн хямрал нүүрлээд байгааг Та бүхэн бас харж байгаа болов уу?

-МАН өнгөрсөн хугацаанд маш хариуцлагагүй ажилласан. Коронавирус цар тахал бол энэ оны нэгдүгээр сард эхэлсэн. Дэлхийн бусад орон хэдийгээр ийм хүнд  үетэй тулгарсан ч гэсэн цаашид энэ цар тахал 2-3 жилээр үргэлжлэх нь тодорхой гэдгийг олж хараад, тооцоо, судалгаа, дүгнэлт хийгээд улс орныхоо эдийн засаг, хүүхдийнхээ соёл боловсрол хөгжлийн асуудлыг хэрхэн хохиролгүй байлгах вэ гэдэг дээр маш нухацтай, сайн ажиллаж байна. Манайх бол шууд л хаачихсан, хөл хорио тогтоогоод. Ингэснээр бизнес эрхлэгчид маш ихээр хохирч эргэлтийн хөрөнгөгүй болоод байна. Экспорт 50 хувиар унаж тэр хэмжээгээр Монгол Улсын эдийн засаг агшчихлаа.

-Цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газар сайн ажиллаж байгаа гэдэгтэй санал нийлэхгүй гэсэн үг үү?

-Энэ цар тахлын үед хэрхэн хохирол багатай сөрөг үр дагаваргүйгээр даван туулах бодлого шийдвэр гаргах ёстой. Гэтэл эрх баригчдын зүгээс энэ тал дээр маш муу ажиллаж байна. Энэ талаар гаргаж байгаа шийдвэрүүд нь эргэж буцсан байдалтай, үр өгөөжгүй байна шүү дээ. ЕБС-ийн хичээл гэхэд зарим өдөр танхимаар заримд нь цахимаар ч гэх шиг, аргаа барсан байдалтай харагдаж байгаа юм. Энэ асуудал дээр АН шүүмжлэлтэй хандаж байгаа. Юм л бол коронавирус рүү чихчихээд энэ цаг үед үр дүнтэй, дорвитой арга хэмжээ авахгүй байна. Энэ бүхний эцэст бизнес эрхлэгчид, хүүхдүүд л хохироод байгааг харж байгаа биз. Бизнес эрхлэгчид бол улсын маань гол баялаг бүтээгчид. Үр хүүхдүүд маань манай ирээдүйн баялаг. Аль аль нь ирээдүйн үнэ цэнэ. Тэднийгээ дэмжсэн, хамгаалсан бодлого алга.

-Нэгэнт цэцэрлэг хүрэлцээгүй учраас “Хүүхэд харах үйлчилгээ”-г дэмжихээс өөр арга байхгүй. Уг нь энэ үйлчилгээг эрхлэх хууль батлагдаад нэлээд олон жил боллоо. Гэвч үр дүн тун бага байгаа юм биш үү?

-Хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж төрөөс дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. АН санаачилж батлуулсан “Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай хуулийг өнгөрсөн дөрвөн жилд дорвитой хэрэгжүүлсэнгүй. Гэртээ цоожтой хаалганы цаана үлдсэн хүүхдүүд ахуйн осолд өртөхөөс сэргийлсэн хамгийн үр дүнтэй арга хэмжээ бол өнөөдрийн тухайд “Хүүхэд харах үйлчилгээ”.

-Ийм үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж цөөн байна уу. Хүүхдээ айлд орхих юм уу цоожилж орхихгүйн тулд энэ үйлчилгээг сонгомоор юм?

-Өнгөрсөн хичээлийн жилд Улаанбаатар хотод хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг 180 төвд 1900 хүүхэд хамрагдсан байна. Эдгээр хүүхдэд ногдох хувьсах зардал нь сарын 123000 төгрөг гээд үзэхэд төсвөөс 2,5 тэрбум төгрөгийг гаргажээ. Хүүхэд харах үйлчилгээний төвийн тоог нэмэгдүүлж, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй нийт хүүхдийн 20-50 хувийг хамруулахад улсаас 6.1-15.06 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ ажилд шаардагдах төсвийг НИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 29/31 дүгээр тогтоолд 3.2.1-д заагдсан “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардал”-д тусгасан гурван тэрбум, “Аз жаргалтай хотын индекс тооцох” нэг тэрбум төгрөг гэх мэт хэмнэж болох, үр ашиггүй  зардлуудаас шаардлагатай төсвийг шийдвэрлэх боломжтой юм. Тавилга эд хогшлын хоёр тэрбумын төсөв гэх мэт байна. Хэрэв хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлбэл 2448-6120 ажлын байр шинээр бий болох боломжтой.

-Цэцэрлэгийн хангамжийг нэмэгдүүлэх боломж байгаа гэж НИТХ-ын АН шаардлага тавьсан. Боломж байгаа бол ядаж хорооддоо цэцэрлэг барих ёстой байсан юм биш үү?

-“Аз жаргалтай Улаанбаатар” гэх мөрийн хөтөлбөртэй эрх баригч нам“Жаргалтай үрс” төсөлд 50 сургууль барьж, бүх хороонд цэцэрлэг бий болгож хамрагдах түвшинг 85 хувьд хүргэнэ, сургуулиудыг хоёр ээлжинд бүрэн шилжүүлнэ гэж амласан. Гэтэл цэцэрлэггүй 16 хороо, сургуульгүй 31 хороог хойш нь тавьж 97 тэрбумаар хотын захиргааны байшинг яаравчлан барьсан.

Есөн дүүргийн 24 талбайд орон нутгийн сонгууль дуустал өдөр бүр соёл, урлагийн үнэгүй арга хэмжээзохион байгуулна гэхүргүйзардлыг больж, ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч, хөгжих эрхийг нь хамгаалахад зориулъя гэж сөрөг хүчний зүгээс уриалж байгаа.

  Хотын төсөв 2016 онд 600 тэрбум байсан бол одоо 1,1 их наяд болтлоо тэллээ шүү дээ. Цэцэрлэг барих байтугай хөрөнгө байна аа гэсэн үг. Мөнгө хөрөнгөгүйдээ биш, байгаа батлуулаад авсан төсвийг үр ашиггүй зарцуулдгаас болоод амлалтаа ч биелүүлж чадахгүй байна. Эрх баригчдын нэг хандлага бий. Хамгийн түрүүнд дарга нар өөрсдийнхөө өрөө тасалгааг засдаг. Нийслэлийн Засаг дарга байсан Су. Батболд гэхэд өөрийн өрөөгөө музей шиг болгосон байсныг санаж байгаа байх. Бүүр сийлбэртэй ширээ сандлаар гангараад… Бусад агентлагийн дарга нар ч гэсэн өрөө тасалгаагаа тохижуулахаас ажлаа эхэлдэг. Түүнд асар их үргүй зардал гаргадаг. Ийм үрлэгэн байдалд нь сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй ханддаг боловч олонхиороо хүч түрээд чихгүй толгойлсоор ирлээ. Өнгөрсөн жил л гэхэд Хотын даргын хэдэн ч шийдвэр эргэж буцсан билээ. Иргэд мэдэж байгаа даа, зүүн эргэхийг хориглоно гэж байснаа буцсан, голлох замууд дээр шар төмөр хашаа авчирч тавьснаа буцааж авсан. Дараа нь талбай дээр баахан цагаан чулуунууд авчирсан нь мөн л шүүмжлэлд өртөж ийш тийш зөөсөн. Эргэж буцсан шийдвэр бүхний цаана төсвийн мөнгө үргүй урсч байна. Харлаган шийдвэр, үргүй зардалд сэтгэл эмзэглэхээ больчихож, эрх баригчид.

Эх сурвалж: nertur.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (202.179.26.***)
    2020/09/03 12:05

    demjij bna

    (0) (0)