Иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор аймгийн удирдлагууд эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч ажилчдын төлөөллийг өглөөний цайнд урьж санал бодлыг нь сонслоо.
1. Хүний нөөцийн бодлого маш муу. Суурин 70.000 иргэн хөдөлгөөнт 110.000 иргэнд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 240 эмч үйлчилж байгаа нь нэг эмчид ноогдох ачаалал их. Улмаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж тааруу байх гол шалтгаан юм. Тиймээс ЭМЯ холбогдох газарт хүний нөөцийн асуудлыг уламжилж дорвитой шийдэл гаргаж эмч ажилчдынхаа ачаалал, нэг хүнд ноогдох үйлчлүүлэгчийн тоог бууруулж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх хэрэгтэй.
2. Гэр хороолол гудамж талбайн хаягжуулалтыг цэгцлэх шаардлагатай. Тухайлбал Даланзадгад сумын Их уул, Дундсайхан хороололд нэг хаяг 2-3 удаа давтагддаг. Хаяг тодорхойгүйн улмаас дуудлагандаа шуурхай очиж амждаггүй. Мөн төвийн дуудлаганд явахад машины хүрэлцээ муу, фургон машинаар явахаар асуудал бэрхшээл их байдаг. Энэ асуудлыг шийдэж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүндрэл бэрхшээлийг шийдэх шаардлагатай.
3. Архины хэрэглээг багасгах, нөлөөллийн ажил хийх. Осол аваарыг бууруулах ажлуудыг эрчимжүүлэх.
4. Хэдийгээр том том бүтээн байгуулалтын ажил хийгдэж ажиллах орчин нөхцөл сайжирсан ч багаж хэрэгсэл ялангуяа нэг удаагийн багаж хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх.
5. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад нөлөөллийн ажил арга хэмжээг хийж хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог дэмжих шаардлагатай байна.