2020 оны 5 дугаар сарын 19 өдөр үеийнхэнтэйгээ гудамжинд тоглож, мөрөөдөлдөө хөтлөгдөн дэгдэж явсан 14 настай Ч.Ганзориг хүү өнөөдөр өвчинтэй тэмцэж, өдөр хоногийн маш хүнд нөхцөлд өнгөрүүлж байна. Үеийнхэнтэйгээ тоглож явсан хүү гэнэт л нэг өдөр өвчинд дийлдэж, өнөөдөр турж эцсэн, царай нь цонхийж, хүнд өвчиндөө шаналж, эмээ нь хүүгийнхээ амь насыг аврахын төлөө бүх л чадлаараа хичээж байна.
2020 оны 5 дугаар сарын 23 өдөр хөл нь өвдсөн хүүгээ эмээ нь эмнэлэгт үзүүлтэл ЯСНЫ ХОРТ ХАВДАР гэх онош тогтоожээ. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж эмч нар зөвлөж удалгүй хагалгаанд орж баруун өвдөгөнд үүссэн хавдрыг авсан байна. Гэвч хавдар үсэрхийлж, зүүн гар, мөр зэргийн ясанд тархсан учраас дахин хагалгаанд орж, химийн эмчилгээ хийлгэх болжээ.
2020 оны 5 дугаар сарын 23 өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31 өдөр хүртэл тасралтгүй эмчилгээ хийлгэж, химийн эмчилгээнд орж байгаа боловч Ганзориг хүүгийн биеийн байдал сайжраагүй, улам л хүндэрч байгаа гэнэ. Ясны хорт хавдар гэж оношлогдсон Ганзориг хүүг Монголд эмчлэх боломжгүй гэдэг дүгнэлтийг шат шатны эмнэлгийн байгууллага гаргаж өгсөн байна.
Хавдар судлалын үндэсний төвийн 2020 оны 8 дугаар сарын 5 өдөр гаргаж өгсөн тодорхойлтонд Ч.Ганзориг нь 14 настай эрэгтэй. 2020 оны 5 дугаар сард ясны хорт хавдраар оношлогдож мэс засал, хими эмчилгээ хийлгэсэн. Одоогийн онош нь: Баруун хөлийн гадуур туялзуур ясны хорт хавдар, зүүн талын шилбэ, баруун гарын бугалга, нурууны ясанд үсэрхийлэлтэй хэмээн бичжээ.
Ч.Ганзориг хүүгийн ээж нь БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй бөгөөд хүүгийнхээ өвчнийг хүндэрсэн учраас яаралтай нутаг буцах хүсэлтээ өгөөд байгаа гэнэ. 2020 оны 9 сарын 3 өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцонд Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яамнаас Ч.Ганзориг хүүгийн ээжийг суулгах чиглэлийг холбогдох байгууллагад өгчээ. Энэ дагуу хүүгийн ээж эх орондоо ирнэ. Хүүгийн ээж эх орондоо ирсэн ч онцгой дэглэмийн дагуу 21 хоног тусгаарлагдах юм.
Энэ хооронд хүүд туслах 1000 төгрөгийн хандивын аянг +17 шоуны жүжигчин Жижгээ болон НИТХ-ын тэргүүлэгч Ц.Төрхүү нар санаачлан эхлүүлээд байгаа юм байна. Г.Ганзориг хүүгийн ясны хорт хавдрыг Монголд эмчлэх боломжгүй. Харин Турк улсын Memorial эмнэлэгт эмчлэх боломжтой гэдэг хариуг өгөөд байна. Тус эмнэлэг нь Ч.Ганзориг хүүгийн ясны хорт хавдрын 18 сарын хугацаанд эмчлэх бөгөөд нийт төлбөр нь 435 сая төгрөг болно гэдгийг ар гэрийнхэнд нь ирүүлээд байгаа гэнэ. Иймээс хүүд туслах сайн үйлсийн аянг нийгмийн сүлжээнд эхлүүлээд байна.
Эрхэм уншигч таныг 14 настай хүүгийн амь насыг аварч 1000 төгрөгийн хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
Та 14 настай хорт хавдартайгаа тэмцэж буй Ч.Ганзориг хүүгийн амь насыг аврах хандивын аянд
ХААН банк 5400525802 Г.Ганцэцэг- Ч.Ганзориг хүүгийн ээжийн данс
ТӨРИЙН банк 104400538521 Г.Ганцэцэг-Ч.Ганзориг хүүгийн ээж данс хандив өргөн нэгдэх боломжтой юм.
NTV телевизээс хүүгийн ар гэрийнхнээс нөхцөл байдлыг сурвалжилсан сурвалжлагыг эндээс хүлээн авч үзнэ үү.