МУСТА, жүжигчин Г.Чулуунцэцэг эгшиг дуугаар бус эрхэмсэг нэгэн эмэгтэйн дүрээр цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй уулзахаар болжээ. Тэрбээр “Эхиймаа” МУСК-нд нэгэн эмэгтэйн дүрийг бүтээсэн байна. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
–Уран бүтээлийн гараагаа хэзээ, хаанаас эхэлж байсан бэ?
Анх 2007 онд СУИС-ийг Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлаган дор төгсч байлаа. Сургуулиа төгссөн намраа Монголын хошин урлагийн “Маск” продакшнд ажиллаж эхэлсэн. Одоог хүртэл “Маск” продакшндаа харъяалагдан ажилласаар байна.
–Жүжигчин мэргэжлийг сонгосондоо харамсаж, халширч байсан үе бий юу? Хэрэв тийм бол шантармаар , өөр мэргэжил сонгох байж дээ гэж харамсах мэдрэмж хэзээ төрж байсан бэ?
-Жүжигчин мэргэжил сонгосондоо харамсаж байгаагүй ээ. Харин ч маш их аз жаргалтай байдаг. Хэрвээ жүжигчин мэргэжлийг сонгоогүй байсан бол ямар ажил хийх байсан бол гэж төсөөлж ,бодож байсан юм байна. Шантрах үе бол мэдээж гарч л байсан. Тэр бүхнийг даваад л гарах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэй хүн, жүжигчин мэргэжилтэй байна гэдэг чинь маш хэцүү шүү дээ. Ар гэрээ орхигдуулна, маш их хаяна. Тэгээд хүүхдүүдийг минь харах хүнгүйдэх, гэр орны ажил давхцах гээд асуудлууд гарч л байсан. Харин ч сайн ханьтай, сайн хадмуудтай учирсан болохоор би мэргэжлээрээ өдий зэрэгтэй ажиллаад явж байгаа болов уу гэж боддог доо.
–Таны хувьд үлгэр дууриалал болгодог уран бүтээлч гэвэл та хэнийг нэрлэх вэ? Тэр хүнээс онцлох гол чухал чанар гэвэл та юуг дурьдах бол?
-Би хамтлагийнхаа гурван ахаас маш их үлгэр дууриалал авдаг. СУИС-ийг дөнгөж төгссөн охиныг өлгийдөн авч, урлагийн замд хөтлөн оруулсан “Тулгын гурван чулуу” шиг ах нартаа маш их баярлаж явдаг. П.Эрдэнэзаан ахдаа, Ж.Мөнхсайхан ахдаа, М.Баярмагнай ахдаа маш их баярлалаа гэж энэ дашрамд хэлье. Өдийг хүртэл би тэр гурваасаа маш их үлгэр дууриалал авч, их зүйлийг сурсан. Тэр тусмаа “Жүжигчин хүн, хүний дээд хүн байх ёстой” гэдгийг маш их суралцсан. Хувь хүн талаасаа ч тэр, мэргэжлийн талаасаа ч тэр ах нараасаа суралцах зүйл маш их байсан, одоо ч гэсэн би суралцсаар л яваа.
–Эмэгтэй хүний хамгийн хүчирхэг, өөртөө итгэлтэй байдаг үе нь хэзээ гэж та боддог вэ? Жишээлбэл, ээж болсон үедээ, дуртай ажлаа хийж байхдаа гэх мэтээр дурьдвал…
Хүчирхэг гэх юм бол эмэгтэй хүн өөртөө итгэлтэй байхдаа илүү хүчирхэг байдаг юм болов уу гэж би боддог. Өөртөө итгэж байгаа хүнд, өрөөл бусад итгэх итгэл төрдөг шүү дээ. Тэгээд тайзан дээр байхдаа илүү хүчирхэг, маш их аз жаргалтай байдаг. Мэдээж өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр тайзан дээр хүссэн дүрдээ хувиран, үзэгчиддээ хүрнэ гэдэг хамгийн том амжилт, хамгийн том аз жаргал юм. Жүжигчин мэргэжлийн хамгийн сайхан нь өдөр бүр өөр өөр дүрд хувиран, түүгээрээ дамжуулан үзэгчдэд өөрийгөө үргэлж шинээр нээн харуулахад оршдог. Тэгэхээр тухайн мөчид оногдсон дүрээ маш сайн бүтээж, эргээд үзэгчдээс магтаал, шүүмжлэл, хайр, зэмлэлийг харамгүй хүртэх нь үнэхээр сайхан. Эцсийн мөчид алга ташилтан дор хөшиг хаагдах мөч үгээр илэрхийлэхийн аргагүй аз жаргал юм даа.
–Эмэгтэй уран бүтээлчдийн хувьд үзэгчдийн зүгээс үргэлж гоё байхыг “шаардаж” хүлээж байдаг байх. Та ч бас анх тайзнаа гарч үзэгчидтэй танилцаж байсан үеийнхээсээ одоо бол нилээд өөрчлөгдсөн. Эмэгтэй уран бүтээлчийн хувьд өөртөө төрөл бүрийн өөрчлөлт хийх амаргүй байх? Та өөртөө өөрчлөлтийг хийхдээ хэрхэн ханддаг вэ?
Би чинь анх “Маск” продакшнд орохдоо л их мяраалаг байсан. Тэгээд орсон цагаасаа авхуулаад л ер нь таргалалттайгаа тэмцсээр ирсэн. Тэгээд нэг юм учраа олсоон, олсон.\инээв\ Би чинь ажилд ороод удаагүй байхдаа хүүхэдтэй болсон. Би гурван хүүтэй л дээ. Гурван хүүгээ ойр, ойрхон дараалуулж төрүүлсэн болохоор жингээ хасах, жингээ барих асуудал дээр их хэцүү байсан. Гэхдээ ер нь тайз, дэлгэцэн дээр ил байгаа, үлгэр дууриалал болох урлагийн хүн, тэр тусмаа эмэгтэй хүн чинь гоё сайхан байхгүй бол болохгүй шүү дээ. Олон ч хүн үлгэр дууриалал авах ёстой. Тэгээд ер нь ч их хүнд хараалгуулж, зүхүүлж байсан дөө. “Энэ одоо бүдүүн юм байж нүүрээ будахгүй юм” л гэнэ. Нүүрээ будахаар “бүдүүн юм байж нүүрээ будлаа” л гэнэ. Тэгээд адгийн наад зах нь л энэ шүү дээ.\инээв\ Тэгээд жингээ хасахаар “тарган нь гоё байсан юм” л гэнэ. Гэхдээ хүн юу гэж хэлэх нь ямар хамаа байхав. Хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө л анхаарах хэрэгтэй. Тэгээд ч эрүүл байх чинь л хамгийн чухал шүү дээ. Таргалалттай байна гэдэг чинь тал бүрийн өвчтэй байна гэсэн үг. Тэгэхээр аль болох эрүүл, зөв хоол хүнсийг хэрэглэж байх хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна. Яг үнэнийг хэлэхэд би эрүүл зөв хооллолтоор жингээ хассан. Одоогоор бол нийт гуч гаран киллограмм жин хассан байгаа. Тэгээд ер нь элдэв янзын тураах бэлдмэл, янз бүрийн эм тан уугаад нэмэргүй шүү. Хамгийн гол чухал зүйл бол зөвхөн хооллолт шүү. Гоё сайхан, эрүүл чийрэг байхын тулд хэрэглэж байгаа хоол хүнсэндээ маш их анхаарч байгаарай гэж хэлэх байна даа.
–Таныг хошин урлагийн продакшнд харьяалагддаг учраас илүүтэйгээр инээдмийн талын дүр бүтээснээр сайн мэдэх байх. Та өөрийгөө ямар жанрын жүжигчин гэж тодорхойлох вэ? Инээдмийн бус, өөр төрлийн ямар дүрүүдийг та бүтээж байсан бэ?
-Хүн инээлгэнэ гэдэг чинь хамгийн хэцүү шүү дээ. Маш их мэдрэмж, ур чадвар шаардагдана. Тэгээд мэдээж жүжигчин хүн юм чинь аль ч жанрт хувьсаж тоглож чадах чадвартай байх ёстой гэж би боддог. Би ч гэсэн өөрт оногдсон дүрээ аль чадах ядахаараа хичээж гаргахыг хүсдэг дээ. Тэгэхгүй, би зөвхөн инээдмийн төрөлд ажиласаар сурсан , гээд өөрийгөө эвдэхгүй, өөр зүйлд сорихгүй байвал жүжигчин мэргэжлээрээ ажиллаад ч яахав.
–Сүүлд таныг үзэгчид “Бурханы авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлэгт оролцож, нэг дугаарт маш олон өөр, сонирхолтой дүрүүдийг бүтээснийг харсан. Бас маш ихээр үнэлсэн. Энэ шоунд оролцох болсон тухайгаа хуваалцаач?
“Бурханы авралаар чи ирлээ” шоу маань анх Австралид хийгдсэн шоу нэвтрүүлэг. Тэгээд Монголд албан ёсны эрхтэйгээр анх удаа хийгдэж байгаа шоу нэвтрүүлэг байсан. Тус шоуны продюсер анх надтай холбогдоод, тэгээд би очиж уулзаад надад их таалагдсан учир, зөвшөөрч ажиллахаар шийдсэн. Тэгээд шоуны тухайд гол дүрийн жүжигчин байхгүй болохоор ямар ч бэлдэх боломжгүй. Оролцож байгаа оролцогч маань юу тоглохыг бид нар мэдэхгүй. Тийм болохоор оролцогчид ч тэр, шоуны жүжигчид ч тэр тухайн үеийн өөрсдийн анхны мэдрэмжээрээ л шууд тоглодог. Тэр утгаараа хэн хэнээс нь асар их чадвар шаардсан шоу байсан. Тэгээд “Боловсрол ТВ”-ийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Мөн тэрхүү шоунд маань олон хүн маш их хүчин чармайлт гаргаж ажилласан. Жишээлбэл, нэг дугаар дээр л гэхэд зураачид дөрвөн том тайз бэлдэж, арын албаны ажилчид маш гайхалтай ажиллаж байсан. Тэгээд энэ шоунд оролцсон бүх уран бүтээлчид, арын албаныхан, “Боловсрол ТВ”-ийн хамт олондоо томоос том баяр хүргэе. Ийм гоё шоуг Монголдоо оруулж ирж хийсэнд нь их баяртай байгаа.
–Дүр бүтээхэд тухайн дүрийн дотоод мөн чанар, түүхийг жүжигчид өөртөө шингээх ёстой байдаг тухай туршлагатай уран бүтээлчид ярьдаг. Та өөрийн ажилллаж байгаа дүрүүд дээр хэрхэн ажилладаг вэ?
-Мэдээж тоглох гэж байгаа, өөрт оноогдсон тухайн дүрээ маш сайн судалж байж гаргах хэрэгтэй. Хувь хүн талаасаа энэ хүн ямар байх вэ?, гадаад дүр төрх ямар байх вэ? гээд бодно. Тэгээд бас ганцаараа гэлтгүй бусдаасаа асууж зөвлөгөө авч ярилцана. Энэ хүн ингэвэл яах вэ? Би ингээд хийчихвэл яах вэ? гээд л бие биенээсээ их зөвлөгөө, тусламж авдаг. Маш их судалгаа, маш их дүгнэлтэн дээр тухайн дүрээ гаргана л даа.
–Та сүүлд “Эхиймаа” УСК-д шоронд хоригдож байгаа эмэгтэйн дүрийг бүтээсэн. Энэ дүрийн онцлог, энэ дүрээр төлөөлүүлэн нийгэмд ямар агуулга, мэссеж очоосой гэж та хүссэн бэ?
-Би “Эхиймаа” УСК-д тоглосондоо маш их баяртай байгаа. Энэ кинонд тоглох саналыг анх Алдармаа маань надад санал болгосон. Жүжигчин Алдармаагийн хувьд өөрөө энэ киноны гол дүр, мөн продюсерээр ажилласан. “Монгол фильм”-тэй хамтарч хийсэн их сайхан уран бүтээл болсон гэж бодож байгаа. Энэхүү кинонд би шоронд хоригдож байгаа нэгэн бүсгүйн дүрд тоглосон. Гаднаа хэдий хатуу ширүүн харагдаж байгаа ч дотроо ямар хүн юм бэ? гэдгийг та бүхэн минь ирж үзээрэй гэж хэлмээр байна. Нөгөө, хал нь гаднаа хайр нь дотроо гэдэг шиг л… Хүний амьдралд алдаж онох зүйл бишгүй л тохиолдоно. Эрх чөлөөгөө хасуулсан хүмүүс ямар амьдрал туулж, юуг үзэж өнгөрүүлэн, сэтгэл дотроо ямар их шаналал зовлонг мэдэрч суудгийг бид мэдэхгүй. Хамгийн гол нь алдаанаас суралцан, ирээдүйгээ гэрэлтэй харж чадах нь чухал байх. Хэдий хорих газар, шорон ч гэлээ тэнд эмэгтэй хүн, эх хүмүүс байгаа. Тэгэхээр тэнд өрнөж байгаа жирийн юм шиг хэрнээ жирийн бус амьдралыг энэ кинон дээр харуулахыг зорьсон . Тэгээд ер нь илүү дутуу зүйл яриад яахав та бүхэн минь киногоо үзээд сэтгэгдлээ хэлэх байхаа гэж бодож байна. Энэ кино эмэгтэй хүний нандин, эмзэг сэтгэл, амьдралын хатуу хөтүүг хэрхэн даван туулж байгаа тухай өвөрмөц мэдрэмжийг танд төрүүлж чадах байх аа.
-Хүчирхийлэлд өртдөг, эрх нь зөрчигддөг эмэгтэйчүүдийн тухай олон таагүй мэдээ, жишээг бид өдөр тутамдаа харж, сонсож, мэдсээр байгаа хэдий ч энэ асуудал буурахгүй л байна. Та энэ асуудалд ямар байр сууриар ханддаг вэ?
-Энэ талаар сонсоод би маш их эмзэглэж, харамсдаг. Ер нь бол энэ хүчирхийлэл, өнчрөлт, салалт гэдэг зүйлс хэрээс хэтэрч байна шүү дээ. Тэгээд гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь архидалт, араар тавилт, бие биедээ үл итгэх байдлаас үүдэлтэй байна. Хамгийн гол нь сэтгэлзүйн хүчирхийлэл гэдэг чинь биеийн хүчирхийлэлээс ч илүү их байх болжээ. Харамсалтай нь ийм орчинд, ийм нийгэмд өссөн хүүхэд эргээд өөрөө хүчирхийлэгч болж өсөх маш их магадлалтай. Энэ их хүчирхийлэл, салалтыг хэвийн зүйл мэтээр нийгэм хүлээж аваад л байвал яг л тойрог мэт зүйл бий болно гэсэн үг. Мэдээж нийгмийн харилцааны хөгжил чинь гэр бүлээс эхэлдэг. Тэгэхээр үр хүүхдийг багаас нь зөв хүмүүжүүлж, аль болох архидан согтууралт, тэр бүх муу муухай зүйлийг мэдрүүлэхгүй байж, анхнаас нь суурийг зөв тавих хэрэгтэй л гэж боддог. Томчууд өөрсдөө муу муухайг үзүүлээд, үлгэр дууриалал болоод байх юм бол эргээд энэ зүйлс давтагдсаар л байх болно.
–Амьдралдаа сайн, сайхныг өөртөө дуудах, сайхнаар хүрээлүүлэхийн тулд хүн өөрөө ямар байх, ямар үйлдэлийг хийдэг байгаасай гэж та боддог вэ? Магадгүй танд бидэнд хуваалцах амьдралын чухал зарчим байгаа байх?
-Ер нь харилцаанаас эхэлдэг юм болов уу л гэж боддог. Хүнтэй анх уулзаад төрүүлэх сэтгэгдэл гэж байна. Ер нь миний нөгөө дээр дурьдсан шиг хамгийн гол нь хүн байх хэрэгтэй л гэж боддог. Сайн хүн болох гэж дүр эсгэх хэрэггүй. Зүгээр л өөрийнхөөрөө гоё байх хэрэгтэй. Хүнд гоё сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй, мэдээж хуурамч биш яг л өөрөөрөө. Тэгэхээр аяндаа бүх юм бүтээд л явчихна. Аливаа зүйлд үргэлж сайн сайхныг бодож, мөрөөдөж явбал өөртөө ч тэр, өрөөлд ч тэр сайхан сэтгэгдэл бий болгоно. Ингэснээр би өөрөө, надтай харилцаж байгаа хэн бүхэн аз жаргалтай байж чадна л гэж боддог.
–Ярилцлагын төгсгөлд та уншигчдад хандан юу гэж хэлэх вэ?
-За, ингээд “Эхиймаа” УСКино маань тун удахгүй дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болох гэж байгаад маш их баяртай байна. Та бүхэн киног маань үзэж сэтгэгдлээ хуваалцаарай. Тэгээд энэхүү ярилцлагыг уншиж байгаа бүх уншигчиддаа эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Мэдээж хамгийн чухал нь эрүүл чийрэг байх ёстой шүү. Эрүүл чийрэг байж гэмээнэ бид аз жаргалыг бүтэж чадна, үр хүүхдээ сайн сайхан өсгөнө шүү дээ. Тиймээс хамгийн чухал нь эрүүл мэнд. Тэгээд бүгдэнд нь хайртай шүү. Та бүхэндээ маш баярлалаа гэж хэлье.