Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Баянгол дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Баянгол дүүргээс нийт 622 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 22, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 600 ээжид тус тус хүртээв. Эдгээр ээжүүдийн дотор хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж, зургаан хүүхэд өсгөж байгаа Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Эрдэнэчимэгийн Одонцэцэг байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Баянгол дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одонгийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулсныхаа баяр хүргэж үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
“Элбэрэлт ээж нар аа,
Энхрий үрсийнхээ бахархал болсон эхчүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, бидний ирээдүй, баяр баясал, гэрэл гэгээ болсон энхрий үрсийг эрүүл саруул, хайр халамж дүүрэн өсгөн торниулж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Эхийн ачийг хариулахын аргагүй гэж монголчууд бид ярьдаг. Үрээ гэсэн хязгааргүй их хайр, тэвчээр, олон зуун шөнө нойроо хугаслан асарч өсгөдөг эх хүний сэтгэл зүтгэлийг юутай ч зүйрлэх аргагүй юм. Тийм болохоор монголын төр эхчүүддээ, хорвоогийн сайхан ээжүүддээ жилд ганц удаа талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлдэг юм.
Энэ жил дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас Хүүхдийн баяраар “Эхийн алдар” одонг гардуулдаг эрхэм уламжлал хойшлогдсон хэдий ч хэдхэн хоногийн өмнөөс орон нутаг, дүүргүүдээр энэ ажлыг зохион байгуулж, одонг нь гардуулж байгаа юм.
“Эхийн алдар” одон Та бүхний үр хүүхэддээ гаргасан сэтгэл, хайр энэрлийн нэг хувьтай ч тэнцэхгүй байх. Гэхдээ үр хүүхдүүдийн чинь хүндэтгэл, бахархал, хайрын өчүүхэн ч болтугай илэрхийлэл болж чадах байх аа.
Улаанбаатар хотын томоохон дүүргүүдийн нэг Баянгол дүүргээс энэ жил 622 ээж “Эхийн алдар” одон хүртэж байна. Үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 22, Хоёрдугаар зэргийн одонг 600 ээжид хүртээж байгаа. Эдгээр ээжүүдийн дотроос хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж, зургаан хүүхэд өсгөж байгаа Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Эрдэнэчимэгийн Одонцэцэгийг энд онцлон тэмдэглэж, баяр хүргэж байна.
Бидний амин эрдэнэ, хамгийн үнэт баялаг болох хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд өсгөн бойжуулж, сурган хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд төр онцгой анхаарч, тодорхой бодлого шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх замаар эхчүүдийг дэмжих, ирээдүй хойчоо хамгаалах ёстойг мартаж болохгүй. Хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудал зэргийг төр үргэлж анхааралдаа байлгахад чиглэсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр миний бие тодорхой ажлууд санаачилсан. Цаашид ч санаачилж, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.
Өнөөдөр одонгоо гардсан ачит ээж нартаа, өнөр өтгөн монгол үндэстнийг бүтээлцэж буй эхчүүд Та бүхэндээ хүүхдүүдийн тань нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор монгол эхчүүдийн алдар бадартугай” гэв.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг болон нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн ээжүүдийн “Эхийн алдар” одонг биечлэн гардууллаа.
Түүнчлэн “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу зохион байгуулж байна.