КОВИД-19 цар тахлын дэгдэлтийн үед Монголын эх, хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, мөн охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, үнэт чанарыг эрхэмлэн хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэхээ НҮБ-ын Хүн амын сангаас илэрхийллээ.
Энэ хүрээнд Люксенбургийн Засгийн газраас НҮБ-ын Хүн амын санд 345,000 евро буюу 1.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон. Энэхүү тусламж нь Монгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах талаар авч байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Мөн БНХАУ, ОХУ-ын хил залгаа аймгуудын эмнэлгүүдийг амьсгалын аппарат, эх хүүхдийн эрүүл мэндийн эмч, ажилчдад шаардлагатай хувийн хамгаалалтын хэрэгслээр хангах үйл ажиллагааг тусгасныг Шадар сайдад танилцуулав.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд талархал илэрхийллээ. Мөн КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэгэн чухал чиглэл бол нийгмийн эмзэг бүлгийнхнийг хамгаалах, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад оршиж байгааг онцлов.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба