Д.ОТГОНБАЯР: 20 хоногт 1035 хэргийг эцэслэн ШИЙДВЭРЛЭЖ чадлаа

2020 оны 08-р сарын 13 өдөр, 12 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4dn1t

Энэ онд прокурорын байгууллагын 90 жилийн ой тохиож байна. Мөн Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтсон. Энэ өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Д.Отгонбаяртай ярилцлаа.

-Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн хамгийн их хүн амтай,үүнийгээ дагаад гэмт хэрэг зөрчил ч их бүртгэгддэг. Та бүхний ажлын ачаалал хэр байна вэ?

Манай дүүрэг 330 мянга гаруй хүн амтай. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь, нийслэлийн иргэдийн гурваны нэг хувь нь энэ дүүрэгт амьдардаг. Нутаг дэвсгэрээсээ шалтгаалаад орон нутгаас шилжиж ирсэн, хаяг тодорхойгүй, бүртгэлгүй иргэд ихээр оршин суудаг. Дүүргийн хэмжээнд ахуйн архидалттай холбоотой гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн хүчингийн хэрэг их гарч байгаад сэтгэл эмзэглэдэг.

Ер нь сургууль завсардсан, оршин суугаа хаяг нь тодорхойгүй иргэдтэй холбоотой хэргийг шийдвэрлэхэд удаашралтай байдаг боловч дүүргийн цагдаагийн алба хаагчид сайн ажилладаг учраас хэрэг илрүүлэлтээр улс болон нийслэлийн хэмжээнд жил бүр эхний нэг, хоёрт бичигддэг. Энэ утгаараа шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо ч өндөр байдаг. Тэгэхээр манай шүүх мөн л ачаалалтай ажилладаг гэсэн үг. Хэргийн хувьд өнөөдрийн байдлаар 6600 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Үүнээс 1000-д хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ оны эхний долоон сард нэг прокурор дунджаар 70-100 хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Прокурор зөвхөн хэргийг хянаад шүүхэд шилжүүлэхээс гадна хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны явцад биечлэн хяналт тавьж оролцох ёстой. Хэрэг бүртгэлтийн хэргүүдийг хянаж гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг ч шийдэх ёстой. Бүх зүйлийг хуулинд заасан хугацаагаар явах ёстой бөгөөд прокурор хэрэг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хэргийн талаар шийдвэр гаргах ёстой байдаг. Ер нь манай прокурорууд дотор оройн 20 цагаас өмнө гэртээ харьдаг, амралтын хоёр өдөр бүтэн амардаг прокурорууд байдаггүй. Ингэж ажиллаж байж л ажил нь амждаг. Хэрэг бүр хүний хувь заяатай холбоотой байдаг тул амрах эрхээ хязгаарлаж ажилладаг юм.

-Эдгээр өдрүүдэд прокурорын байгууллагын  90 жилийн ой  тохиож байна. Ойн хүрээнд дүүргийн хувьд ямар ажил дээр хийж хэрэгжүүлсэн бэ?

-Улсын Ерөнхий прокурорын газраас 2020 оны 3-р сарын 11-нд “Прокурорын хяналтын чанар, үр дүнг дээшлүүлэх прокурор-90” нэгдсэн аяныг улсын хэмжээнд гурван сарын хугацаатайгаар зохион байгуулсан.

Манай дүүргийн прокурорын газрын хувьд аяны хүрээнд Зөрчил шалган шийдэх ажиллагаанд тавих хяналт, Хэрэг мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт, Шүүхэд төрийг төлөөлөх хяналт, Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт зэрэг ажлуудаар улсын хэмжээнд тэргүүлж ажилласан.

Аян зохион байгуулсантай холбоотойгоор үр дүнд хүрч ажилласан ажил гэвэл өнгөрсөн 4-р сарын 10-аас 5-р сарын 1-ний өдөр хүртэл НЦУГ-т хүсэлт тавьж 50 мөрдөгчийг 20 хоногийн хугацаатай манай дүүрэгт ирж ажиллахыг урьсан. Энэ дагуу бидний хүсэлтийг хүлээн авч 50 мөрдөгч дэмжлэг үзүүлж ажилласан. Үр дүнд нь 1035 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагч нарын бүрэлдэхүүн нь хэрэг шалгах ажлын ачаалал нь нэг хүнд оногдох ачааллаас хэтрэхгүй байх нь тодорхой үр дүнд хүрч болно гэдгийг харуулж байгаа юм. Манай дүүргийн хувьд нийт цагдаагийн 1, 2, 3-р  хэлтэстэй нийлээд 76 мөрдөн байцаагч ажиллаж байна. Тэгэхээр 76 мөрдөн байцаагч дээр 50 мөрдөн байцаагч нэмж үүрэг гүйцэтгэн 1035 хэргийг эцсийн байдлаар шийднэ гэдэг бол зөвхөн прокурорын шалгаж дууссан хэргийг хэлж байгаа юм. Үүнээс гадна дахиад мянга гаруй хэрэгт хяналт тавьж ажилласан. Хамтын ажиллагааны хүрээнд богино хугацаанд хэн нэгний эрхийг хамгаалж  үр дүнд хүрсэн гэсэн үг.

Хамгийн багадаа 1035 хүний эрхийг хамгаалж хэргийг богино хугацаанд шийдсэн.  Бусад хяналтын чиглэлээр мөн л шаргуу ажилласан. Байцаан шийдэх ажиллагаанд хяналт тавьж ажилласнаар олон хэргүүдийг эцэслэн шийдэж үр дүнд хүрсэн амжилттай байна.

-Хорих ангиудад эрүүдэн шүүх явдал гарсаар байна гэж ярьсаар л байдаг. Энэ яг байдаг үзэгдэл үү.

-УЕПГ-аас эрүүдэн шүүх хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бас нэг ажлын зорилт болгон дэвшүүлэн ажиллаж байна. Энэ бол маш том асуудал. ХЭҮК-ын 14 илтгэл гарсан. Миний хувьд ялын хяналтын чиглэлээр ажиллаж байхдаа энэ тал дээр  их анхаарч ажилладаг байсан. Прокурорын тусгай хайрцаг ч ажиллуулдаг байсан.  Аливаа зүйл удирдлагаас маш их шалтгаалдаг учир бид хичээж ажиллах хэрэгтэй.

“100 залилах гэмт хэргийн ард хамгийн багадаа 200 хүн хохирсон байгаа”

Arslan.mn

-Дүүргийн хувьд энэ жил ямар зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна вэ?

-УЕПГазраас энэ жил чиглэл чиглэлээр зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Эзэнгүй хэргүүдийг шийдвэрлэе, түдгэлзүүлсэн хэрэггүй байя, Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж оролцъё гэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Сүүлийн гурван жил Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж оролцъё зорилт дэвшүүлээд энэ хүрээнд маш олон ажлыг хийж чадсан. Дүүрэг, орон нутагтайгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулж байна. УЕПГ-аас өгсөн чиглэлийн дагуу дүүргийн Цагдаагийн хэлтсүүдтэй хамтран Эрүүдэн шүүх хэрэг, зөрчлийн хэргийг хэрхэн шийдвэрлэх тухай сургалтыг тогтмол зохион байгуулж ажиллаж байна.

Онцолж ярьвал хяналт тавьж байгаа эзэн холбогдогч нь олдоогүй хэргүүдийг богино хугацаанд олж илрүүлэх. Өмнөх онуудад үйлдэгдсэн гэмт хэргүүдийн эзэн холбогдогчийг олж тогтоох ажлуудыг эрчимжүүлж байна. Үр дүн ч сайн гарч байгаа. Жил, хоёр жил болсон гэмт хэргийн эзэн холбогдогчийг яаж олж илрүүлэх вэ? гэдэгт анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн  цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байсан бусдыг залилан мэхлэх 100  гэмт хэргийг сонгон авч хоёр мөрдөгчийг цагдаагийн байгууллагын удирдлагуудтай тохироод бүх ажлаас нь чөлөөлж прокурорын газарт өрөө гаргаж, өдөр тутамд нь хяналт тавих хоёр прокурор томилон ажлын хэсэг байгуулсан.

100 залилах гэмт хэргийн ард хамгийн багадаа 200 хүн хохирсон байгаа. Энэ хэргүүдийг хоёр сарын хугацаанд эзэн холбогдогчийг нь олж илрүүлээд, зарим этгээдийн өмч хөрөнгийг битүүмжилж, хохирлыг барагдуулж байна.

Энэ мэт тодорхой үр дүн гарсан. 2020 онд бас нэг дэвшүүлсэн зорилт бол хяналтын ажлын арга барилыг өөрчилж хуульд заасан боломжоо ашиглан хэрхэн  үр дүнтэй ажиллах вэ гэдгээ туршиж байна. Үр дүнд нь 100 залилах гэмт хэргийн 84-ийг нь хоёр сарын хугацаанд  эцэслэн шийдсэн байна.

-Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын түүхээс бидэнд хуваалцана уу?

1992 оны шинэ Үндсэн хуулинд Монгол улсын прокурорын байгууллагад хэрэг мөрдөх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох шинэ чиг үүрэг хүлээлгэсэн байдаг. Үүнтэй холбогдуулаад Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Үүнээс үүдэн Сонгинохайрхан дүүрэгт 1993 онд Их хурлын 15/59 тоот тушаалын дагуу Монгол улсын Ерөнхий прокурорын 1993 оны долдугаар сарын 23-ны өдрийн тушаалаар Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн прокурорын байгууллага гэж анх байгуулагдаж байсан. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын байгууллага байгуулагдаад 27 жил болж байгаа бөгөөд нийт 63 алба хаагчтайгаас 38 прокурор юм.

 -Энэ хугацаанд хичнээн ерөнхий прокурор ажилласан бэ? Таны хувьд өмнө нь тус дүүрэгтээ ажиллаж байгаад энэ онд дахин ирж ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд өөрчлөгдсөн зүйл байна уу?

-Өнгөрсөн 27 жилийн хугацаанд есөн ерөнхий прокурор дүүрэгт маань ажиллаж байсан. Миний хувьд тус дүүрэгтээ хоёр дахь удаагаа ирж ажиллаж байна. 2014 онд прокурорын газрыг нэгдүгээр прокурор, хоёрдугаар прокурор гэж хоёр хуваасан байсан. Хоёрдугаар прокурорын газарт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн прокурорын газар багтдаг байсан бөгөөд миний хувьд энэ газрын даргаар томилогдож анх ирж байсан. Тэгээд дүүргүүдийн прокурорын газар задарч эхлэхэд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокуророор ажиллаж байгаад 2018 оны зургаадугаар сарын 30-нд УЕПГ-ын Ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаад энэ оны гурван сарын 23-нд СХД-ийн ерөнхий прокуророор дахин ирж ажиллаж байна. Эргэж ирэхэд миний хамтран ажиллаж байсан хүмүүсийн 40 хувь нь өөрчлөгдсөн байна. Шинэ залуучууд их ажиллаж байна. Нийгмийн байдлаа дагаад, амжиргааны түвшин, хөдөө орон нутгаас ирэх хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнээс шалтгаалж гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байна. Нийт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 50 гаруй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Цагдаагийн хэлтсүүд газар болж өргөжсөн гэх мэт олон өөрчлөлтүүд гарсан байна.

-УЕПГ-т ажиллах, дүүрэгт ажиллах хоёрын ялгааг та юу гэж харж байна вэ?

-УЕПГ бол бодлого боловсруулдаг газар юм. Харин дүүргийн прокурорын газар нь бодлого хэрэгжүүлдэг байгууллага юм. Миний хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, хэрэг мөрдөх, мөрдөн байцаах, яллах, шүүхийн бүхий л ажилд хяналт тавьж оролцдог.

-Прокурорын байгууллагад ажиллаж байгаагийн хамгийн том бахархал тань юу вэ?

-Анх томилогдохдоо юу ч мэддэггүй байж. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 570 гаруй прокурор л ажиллаж байна шүү дээ. Эдгээр прокуроруудын нэг нь болж, нэгэн байгууллагыг толгойлж яваадаа бахархаж байдаг. Миний хувьд 21 настайдаа Ховд аймгийн прокурорын газраас ажлын гараагаа эхэлж дараа нь Налайх дүүрэгт, НПГ, УЕПГ хэлтсийн дарга, тойргийн дарга гээд олон байгууллагад л ажиллаж байлаа. Өмнө нь бид заалгаад явдаг байсан бол одоо залуучууддаа зааж зөвлөх түвшинд очсон байна.

Энэ дашрамд Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг нийт прокурорууддаа дэвшүүлье. Тэр дундаа миний ажлын гараагаа эхэлж байсан Ховд аймгийн прокурорын газар, Налайх дүүргийн прокурорын газар, НПГ, УЕПГ-ын хамт олондоо баярын мэнд хүргэе. Мөн хамтарч ажилладаг хууль хүчний байгууллагын туслалцаатайгаар бид ажлаа урагштай бүтээж байгаа. Эдгээр хамт олондоо талархаж байгаагаа хэлмээр байна.

-Танд зориулж хэлсэн санаанаас огт гардаггүй үг юу вэ?

-Миний санаанаас н.Цэрэнбалтав даргын хэлсэн “Прокурор хүн гэдэг хүн л байх ёстой” гэж хэлсэн үг ерөөсөө гардаггүй юм. Би тэр үед ойлгоогүй, одоо л ойлгож эхэлж байна. Дээрээс нь нэмж хэлэхэд прокурор хүн маш их хүн чанартай хүн байх ёстой гэж хэлмээр байна. Хүний амьдралд янз бүрийн зүйл их тохиолдоно. Тэр бүхэнд хүн чанар, хүнээрээ байх л хамгийн чухал.

– Таны хувьд өнгөрсөн хугацаанд удирдах албан тушаалыг багагүй хашжээ. Таны удирдах арга барил чухам юу вэ?

-Миний хувьд нэгдүгээрт хурдтай, тогтвор суурьшилтай байхыг  шаарддаг. Өөрөө ч тийм төрлийн хүн. Залуучуудаа анхнаас нь хурдтай ажиллаад сургачихвал тэр хүн насан туршдаа  олж авсан чадвараа алддаггүй. Хоёрдугаарт хүн болгонтой тулж, нөхөрлөж харьцах дуртай. Сонгинохайрхан дүүргийн прокурорууд дундаа хамгийн удаан буюу 23 жил прокуророор ажиллаж байгаа хүний хувьд алба хаагчидтайгаа илүү ойрхон байж, хамт олны уур амьсгалыг хадгалахын тулд тэдэнрүү чиглэсэн арга хэмжээнүүдийг мөн зохион байгуулдаг.

Прокурорын байгууллагад ажилладаг хүмүүсийн хувьд ажлын цаг ихтэй амралтын өдөр багатай. Хэдий тийм ч ажилдаа дуртай хүн ажлаа л хийхийг боддог юм билээ.

-Танай хамт олон залуу шинэ үеийн прокуроруудаар хүрээгээ тэлсээр байна. Эдгээр залуусдаа хандаж захиж хэлмээр байдаг зүйлээсээ бидэнд хуваалцана уу?

-Прокуроруудын хувьд ажиллах явцдаа байнга л суралцаж байдаг. Би ч хүртэл өнөөдрийг хүртэл суралцсаар л явна. Ер нь сурлагын чанар прокурор хүнд нөлөөлдөггүй харин сурц, чадвар, мэргэшил, хичээл зүтгэл маш их нөлөөлдөг юм байна. Хичнээн сургуулиа онц төгсөж ирсэн ч сурцгүй, мэргэшихгүй, хичээхгүй бол тэр хүн амжилтад хүрэхгүй. Ер нь таван жил ажилласан прокурорыг би одоо л прокурорын суурь нь тавигдаж эхэллээ гэж боддог. Тийм ч учраас дээд шатны прокурорыг таван жилээс дээш ажилласан хүн хийнэ гэж хуулиндаа оруулсан байх. БНХАУ, Их Британид прокурорын мэргэжил эзэмшсэн прокурорууд манайд ажилладаг. Хэдий гадаад оронд сайн суралцсан ч гэсэн манай хууль эрх зүйн орчин өөр учир энд ирээд дахиад л судлах шаардлагатай болдог.

-Баярлалаа. Танд болон танай хамт олон баярын мэнд хүргэе.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх