Хууль бусаар тарвага агнах, Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв, Малчин, Хяргас, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай, Наранбулаг сумдад хамтарсан хяналт шалгалтыг хийж байна. Шалгалтаар хууль бусаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эд, махыг худалдан авсан, тарвага агнахыг завдсан зэрэг зөрчлийг илрүүлж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна.
Нийслэл рүү сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал нэвтрүүлэхийг завдав
Энэ сарын 09-ний өдөр нийслэлийн Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор Chevrolet Cruze 1106БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр нэр бүхий иргэд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн, Эрүүгийн хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 1-р хэлтэст шилжүүллээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг эхчүүд хүүхдэдээ байнгын хяналт тавин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө нь газрыг зориулалтын бусаар ашиглаж уулын дайрга олборлон бусдад борлуулж байсан үйлдлийг нийслэлийн Байгаль орчны газартай хамтран зогсоож, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хяналт тавьж байна
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгж байгууллагын гаднах байдалд хяналт хийж, газар доорх инженерийн шугамыг булсан шороо доошоо цөмөрсөн, байгууллагуудын гаднах бохир болон дулааны шугам хоолойн нүхний таг эвдэрч онгойсон, хашаа хайс эвдрэл үүсч нурсан зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байгааг илрүүлжээ. Иймд аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа барилга байгууламж, гудамж, талбайд үзлэг засвар хийж, аюулгүй байдлыг хангуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчны нөхцөлийг бүрдүүлэх талаар үүрэг, чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.