Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Өмнөговийн нутаг, Дундговийн өмнөд, Дорноговийн баруун хэсгээр, маргааш өдөр Дорноговь, Говьсүмбэрийн нутаг, Төв аймгийн зүүн өмнөд, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр усархаг их бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө маргааш өдөртөө говийн аймгуудын нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 08 дугаар сарын 11-ний 20 цагаас 08 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.