Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар дөрвөн жил ажилласан Өлзийхутагийн Баянмөнхийг аймгийн Засаг даргын хуулийн зөвлөхөөр томилсон байна.
Тэрбээр Өмнөговь аймгаа гурван жил дараалан Монгол Улсын шилдэг аймаг болгоход өөрийн мэдлэг боловсролоо дайчлан ажилласан юм. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг чухалчилж тус хугацаанд хагас их наядын бүтээн байгуулалтыг өрнүүлж орон нутгийн чанартай авто зам, Монгол Улсдаа хамгийн их дугуйн замыг бүтээн байгуулахад бодлогоор дэмжин дэд бүтэц, нийтийн эзэмшлийн тохилогч орчинг бүрдүүлжээ. 89 жилийн түүхэнд аймагтаа хамгийн анхны дахин төлөвлөлтийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлж, эхний 54 айлыг шинэ орон сууцтай болгож нүдэнд харагдаж, гарт баригдах олон ажлыг хэрэгжүүлсэн. Мөн ажилгүйдлийг хамгийн их хувиар бууруулж, ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлж, хариуцлагатай уул уурхай, уламжлалт мал аж ахуйг аймаг орны эдийн засгийн гол суурь болгох бодлогыг баримталж байв. Үе шаттайгаар ажлынхаа үр дүнгээ ахиулж, үлгэрлэн тэргүүлж аймгуудаас анх удаа ISO 9001:2015 чанарын тогтолцоог Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаандаа амжилтай нэвтрүүлж, ёс зүйтэй, шударга, хүртээмжтэй төрийн ажил үйлчилгээг төвхнүүлсэн байна. Мөн түүнийг аймагтаа эко дугуйг оруулж ирэн, ажилдаа дугуйгаар явахыг уриалан, улмаар дугуйн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, эрүүл, хэмнэлттэй амьдралын дадлыг говьчууддаа ойлгуулсан анхны дарга гэдгээрээ илүү танигдсан хүн юм.