Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех, Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэгтэй хамтран “Хариуцлагатай жолооч” аяныг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр эхлүүлсэн. Авто тээврийн цехийн төрөл бүрийн тээврийн хэсгийн жолооч нарын ажлын хариуцлагыг өндөржүүлэх, эерэг хандлага төлөвшүүлж, ажлын байр орчны эрүүл ахуйг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн зөрчлийг арилгах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, харилцааны болон хөдөлгөөний соёлыг дээшлүүлэхэд аяны зорилго чиглэж байна.
Аяны хугацаанд Авто тээврийн цехийн Төрөл бүрийн тээврийн хэсгийн нэгжүүдийн дунд “Аюулгүй жолооч”, “Зөрчилгүй жолооч”, “Соёлтой жолооч” гэх зэрэг гурван чиглэлээр шалгаруулалт зохион байгуулж, оны төгсгөлд тэргүүний жолооч нарыг тодруулна. “Аюулгүй жолооч”-ийг шалгаруулахдаа Замын хөдөлгөөний хууль болон дүрмийн мэдлэг, түүнийгээ хэрхэн мөрдлөг болгож, бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулахгүйгээр замын хөдөлгөөнд өндөр соёлтой оролцож буй эсэхийг баримтлах бол “Зөрчилгүй жолооч” нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, Замын хөдөлгөөний аюулгүй байдал болон ХАБЭА-н дүрэм журмыг бүрэн эзэмшиж, мөрдөн ажиллах шалгуурыг хангасан байна гэж Авто тээврийн цехийн Ашиглалтын албаны дарга С.Цэгмид онцлов. Харин “Соёлтой жолооч” өөрийн ажлын байр болох автомашины бүхээг, зорчигчдын заалны ариун цэвэр, эмх цэгцийг тогтмол сайжруулж цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгаж, зөв боловсон харьцаатай байх, Тамхины эсрэг хуулийг хэрэгжүүлэгч зэрэг үзүүлэлтээрээ манлайлагч байх аж.
М.Балжинням
Эх сурвалж: erdenettoday.mn