“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайд Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Тэсрэх бодисын шинэ үйлдвэр барих ажил нь Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Ил уурхайн техник технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх гурван том төслийн нэг юм. Тус цехэд цахилгаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл барьж, мөчлөгт урсгал тээврийн технологи нэвтрүүлэх бол гуравдахь том ажил нь Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр барьж, ашиглалтад оруулах зорилт хэрэгжинэ. Одоогийн ажиллаж буй Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр нь 1994 онд баригдсан, барилга байгууламж технологийн хувьд хуучирсан тул шинэ үйлдвэр барих шаардлагатай болжээ.
Орчин үеийн технологийн дэвшилтэт технологиор баригдах шинэ үйлдвэр нь жилд 15000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хуучин үйлдвэрээс даруй 5-7 мянган тонноор илүү гэсэн үг юм. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын ажлыг “Монголиан Инвестмент Корпорэйшн” компани гүйцэтгэнэ. Шав тавих ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор болон Ил уурхайн удирдлага, ажилтнууд, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов. Шинээр баригдах үйлдвэрийн барилга байгууламжийг чанартай найдвартай гүйцэтгэж, хөдөлмөрийн аюулгүй байдлын өндөр түвшинд бүтээн байгуулж хүлээлгэн өгнө гэдгээ “Монголиан Инвестмент Корпорэйшн” компанийн ТУЗ-ийн дарга Б.Дөлгөөн нээлтийн үеэр илэрхийллээ.
Я.Энхтуяа