Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлжээ

2020 оны 07-р сарын 23 өдөр, 13 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
111149349_291133298890095_8126399773348109954_n_20200723124424

Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар нийслэлийн алслагдсан зургаан цэгт Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Онцгой байдлын газраас хөдөлгөөнт хяналт шалгалтын постуудыг үндсэн постуудаас гадна нэмэлтээр ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар Тээврийн Цагдаагийн албанаас 32 албан хаагч, НОБГ-аас 18 албан хаагч, 22 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Хоногийн мэдээгээр Улаанбаатар хотоос дээрх зургаан хяналтын цэгээр 26 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч, 22 мянган тээврийн хэрэгсэл гарсан тоо байна” гэв.

Мөн тарваганы мах, түүхий эдийг хот суурин газар ирүүлэхгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, мэрэгч амьтанд хүрэхгүй байх, хүрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн байгууллагад хандахыг иргэдэд зөвлөе. Тарваган тахал өвчин Ковид-19 халдвараас дутахгүй хор хөнөөлтэй өвчин. Энэ жил бороо хур ихтэй байгаагаас шалтгаалан иргэд үер усанд осолдох эрсдэл их үүсч байна. Тиймээс Туул, Хэрлэн гол дагуу завьт хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр хийж байна. Өчигдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн оршуулгын хойд хадан хясаан дээрээс 24 настай, иргэн Б машинтайгаа уналаа гэх дуудлагаар аврах анги газар дээр очиж ажиллан иргэний амь насыг аварсан. Иргэд аялж, зугаалахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа чангатгах шаардлагатай байна гэдгийг онцолж хэлсэн юм.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “Бид тарваган тахлын сэжигтэй болон өвчлөл илэрсэн тохиолдлыг нийслэл рүү оруулж ирүүлэхгүй байх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлсэн. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг өнөөдрөөс эхэлж байна” гэлээ.

НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров “Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтан осолдож, бэртсэн дуудлагыг хүлээн авч, эмчлэн байгальд нь буцаан тавьдаг.

Сүүлийн үед манайд амьтантай холбоотой 15 удаагийн дуудлага ирсэн байна. НБОГ-аас тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоор хууль бус ан агнуурт хяналт тавихын зэрэгцээ иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөө өгөн ажиллаж байна” хэмээв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх