Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд олгож байгаа.
Хоёрдугаар улирлын буцаан олголтыг “Долдугаар сардаа багтаан олгоно” гэсэн мэдээллийг Татварын ерөнхий газраас өглөө.
Иргэд худалдан авалт хийсэн баримтаа цахим системд бүртгүүлэх хугацааг энэ сарын 8-ны өдрөөр дуусгавар болгосон.
Харин дээрх хугацаанд баримтаа бүртгүүлээгүй бол худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй журамтай.
Одоогоор хэчнээн иргэнд хэдэн төгрөгийн буцаан олголт өгөх мэдээлэл тодорхойгүй байна.
Нэгдүгээр улиралд 869,000 иргэн 35.8 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан юм.
Иргэд 6 дугаар сарын 1-30-ныг хүртэл хугацаанд хийсэн худалдан авалтын баримтаа энэ сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой.