Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тамга тэмдгээ гардан авлаа

2020 оны 07-р сарын 09 өдөр, 11 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
106719565_2985495814901700_2061459692216411054_n

Эрчим хүчний сайдаар томилогдсон Н.Тавинбэх Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэнгээс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

Тамга хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж амжилт хүслээ. Тэрбээр “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад гол зохион байгуулалтыг Эрчим хүчний яам хийсэн. Оюутолгойтой холбоотой олон асуудал дээр ажлын хэсэг гарч төр өөрийн хөрөнгөөр тавантолгойн цахилгаан станцтай холбоотой асуудал дээр томоохон зарчмын байр суурийг илэрхийлж чадсан. Ц.Даваасүрэн сайдын мэргэжлийн байр суурь, зарчмыг шинэ сайд үргэлжлүүлж, парламентаас хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүснэ. Эрчим хүчний сайдаар өнөөдрийг хүртэл ажилласан Ц.Даваасүрэн сайддаа өмнөх Засгийн газрын хэрэг эрхлэх сайдын хувьд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Шинээр үүрэгт ажлаа хүлээн авсан Н.Тавинбэх сайдад мөн ажлын амжилт хүсье” гэв.

Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн “Засгийн газрын зүгээс манай салбарт мэргэжлийн хүнийг сайдаар томилж өгсөн явдалд хамт олныхоо нэрийн өмнөөс талархаж байна. Эрчим хүчний салбар нарийн мэргэжил, технологи шаарддаг. Гурван жилийн хугацаанд хамтарч ажилласан багийнхантай өнгөрсөн хугацаанд бид чамгүй ажил хийсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын хорт утааг бууруулах, мөн эрчим хүчийг тогтвортой, найдвартай, хараат бус байлгах суурь баримт бичгүүдийг боловсруулсан. Эрчим хүчний дунд хугацааны хөтөлбөр батлагдсан болон эрчим хүчний мастер төлөвлөгөө эцэслэгдээд явж байна. Эдгээр баримт бичгийг та бүхэн хэрэгжүүлээд явбал манай систем үнэхээр найдвартай систем болно. Та бүхэндээ амжилт хүсье, баярлалаа гэдгээ хэлмээр байна. Салбарынхаа ажлыг улсын хурлын гишүүнийхээ хувьд дэмжиж ажиллах болноо гэдгээ хэлье” гэлээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Миний мэдэхээр эрчим хүчний салбарт сүүлийн 20 жилд анх удаа мэргэжлийн хүн удирдлагаар ирсэн. Таны эхлүүлсэн, амжилттай дуусгасан олон сайхан ажил бий. Төрийн бодлого залгамж халаатай байх ёстой. Салбарт таны эхлүүлсэн ажлууд амжилттай үргэлжилнэ гэж хэлмээр байна” хэмээсэн юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн намтар

БОЛОВСРОЛ:
• 1989 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургууль
• 1994 онд Техникийн их сургууль
• 2005 онд Удирдлагын академи
• 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн.
АЖЛЫН ТУРШЛАГА:
• 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер
• 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер
• 2007-2013 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал
• 2015-2017 онд Багануур хотын захирагч
• 2017-2020 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал
• 2020 оноос Эрчим хүчний сайд

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх