Эхнэр нөхөр болсон олон хосуудын дунд түрүүлж буулт хийх гэж үү? гэсэн асуулт түгээмэл байдаг. Гэр бүлийн харилцаа гэдэг бол заримдаа диваажин мэт сайхан боловч зарим үед там мэт хэцүү санагддаг. Магадгүй үүнийг уншиж байгаа та ч бас гэр бүлийн хүнтэйгээ муудчихаад хэрхэн эвлэрэх аргаа олохгүй шаналж байна уу? Тийм бол би танд ганц л зөвлөгөө хэлэе. Та яг одоо л буулт хийх хэрэгтэй.
Хосууд том, жижиг гээд л янз бүрийн асуудлаас болж маш амархан муудалцаж болох юм. Гэвч бие биенрүүгээ хашгирч, өөрийнхөө зөвийг нотлох гэснээрээ байдал хэзээ ч сайжрахгүй. “Хэрэв хоёр хүн муудалцаж байгаа тохиолдолд хэн ухаантай нь буруутай” гэдэг үг байдгыг санаарай. Тиймээс та өөрийгөө өмгөөлөхийн оронд хайртдаа буугаад л өгчих. Түүнийхээ өөдөөс элдэв муу үг урсгасны огтхон ч хэрэггүй.
Та хоёр хичнээн муудалцлаа ч гэсэн бие биендээ хайртай хэвээрээ гэдгээ үргэлж сана. Зөөлөн нь хатуугаа дийлнэ гэдэг зарчим үнэн байдаг юм. Тиймээс хайрт ханьдаа буулт хийж, хэдийгээр таны буруу биш байсан ч гэсэн уучлаарай хэмээн тэврэн үнсвэл гэр бүл тань аз жаргалтай байх болно.