Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа

2020 оны 06-р сарын 19 өдөр, 19 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
F9F9401E-DD64-4E6A-83D0-16E8708FDE2D

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярьж, өөрт нь болон ОХУ-ын ард түмэнд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Мөн энэ ташрамд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн  оролцох гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, парадын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Парадад оролцох Монголын бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр Москва хотноо хүрэлцэн очсон, бэлтгэлээ хийж байгаа юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаад биечлэн оролцох боломжгүй байгаа юм.

Энэ жилийн Ялалтын баярын цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн очсон бөгөөд энэ сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх