Монгол зөгийн бал экспортын шинэ бүтээгдэхүүн болно

2020 оны 06-р сарын 19 өдөр, 16 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
104857108_679781862580829_3054811384240044310_n

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр \2020.06.17\ Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулж буй зарим Зөгийн аж ахуйн ажил байдалтай танилцлаа.
Анх ХХААЯ-ны сайдын тушаалаар 1958 оны 12-р сард Шаамарын жимсний станц байгуулагдан, зөгийн гэр, жааз болон бусад ойр зуурын хэрэглэлийг гараараа хийн, 1959 оны 5-р сард Буриад, Улаан-Үдээс 10 бүл, нийт 20 бүл зөгийтэйгээр зөгийн аж ахуйг эхлүүлж байжээ.
Монгол оронд зөгийн аж ахуй 1965-1990 онуудад эрчимтэй хөгжиж, зах зээлийн шилжилтийн үед 1993 оноос буурч, 2002 оноос дахин сэргэсэн байна. 1983 оны 10 дугаар сарын 01–ний өдрийн Засгийн газрын 304 тогтоолоор Шарын гол дахь зөгий үржлийн ферм, зөгийн сууридыг нэгтгэн, зөгий үржүүлгийн газрыг байгуулсан байна. 1983 онд 800 бүл зөгийтэй байсан зөгийн аж ахуй одоогийн байдлаар 850-аад зөгийчин өрх, 15 000 бүл зөгийтэй болтлоо өргөжсөн, эдгээрээс томоохон аж ахуйн нэгжүүдийг дурдвал: Мон Апи кластер 10 аймгийн 17 суманд байрших 38 зөгийн аж ахуйг, Их Аураг Орд ХХК 40 аж ахуйн нэгжийг нэгтгэн ажилладаг бол Пермакультур хөгжил ХХК 220 бүлтэй байна. Нэг бүл 20 000-30 000 зөгийтэй байдаг.

Дотоодын зөгийн балны 20-оод хувь нь таримал ургамал буюу рапс, гурвалжин будааных, 80 гаруй хувь нь байгалийн зэрлэг цэцэгсийн бал байдаг, нөгөө талаар далайн түвшнээс өндөр байрлах цаг агаарын онцлог, ургамлын тархацтай холбоотой Монгол зөгийн бал антиоксидант чанараараа бусад орны зөгийн балаас давуу болохыг судалгаагаар тогтоосон байна. Жилдээ ойролцоогоор 300 гаруй тонн зөгийн бал хурааж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна БНСУ болон Япон зэрэг орнуудад бага хэмжээгээр экспортолж эхлээд байна.

104701346_679781789247503_837331448733904995_n

МУ-ын ЗГ-аас 2018 онд “Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, зөгийн аж ахуйг кластерийн системээр хөгжүүлэхээр тусгасан нь Монголын зөгийн аж ахуйг кластерээр хөгжүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих боломж бүрдэж байна.
Түүнчлэн олон улсын төслийн хүрээнд “Зөгийн бал, техникийн шаардлага” MNS6294:2019, “Зөгийн балны гарал, үүслдийг тодорхойлох” үндэсний стандартыг шинэчлэн болон шинээр батлуулснаар зөгийн балын чийглэлийг стандарт хэмжээнд байлгах, аль балт цэцэгнээс гаралтайг тодорхойлох, хуурамч зөгийн балнаас ялгах боломж бүрдэж байгаа юм.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Зөгийчдөд хандан, Зөгийн аж ахуй нь хүний оролцоогүйгээр байгалийн тэнцвэртэй эко системийг бүрдүүлдэгээрээ байгалийн эмч гэж нэрлэгддэг. Та бүхэн хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйдвэрлэхээс гадна байгаль орчиндоо маш эерэг үр нөлөө үзүүлж байгаад талархаж байна. Өндөр уулын бүст таримал бус байгалийн олон цэцэгнээс түүсэн антиоксидантаар баялаг Монгол зөгийн бал тун удахгүй экспортын шинэ брэнд болох цаг ойрхон байна. Монгол орны нөхцөлд хоёр сая хүртэл зөгийг үржүүлэх бололцоотой гэдгийг эрдэмтэд маань батлан хэлдэг. Цаашдаа зөгийн балны хэрэглээгээ нэмэгдүүлж, дотоодын хэрэглээгээ хангаад экспортлох өргөн боломж байна гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх