Жилдээ нэг ангийн хэмжээний хүүхдүүд нас бардаг байсныг зогсоожээ

2020 оны 06-р сарын 01 өдөр, 12 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
munkhsaihan

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Дэлхийн улс орнууд энэ өдрийг хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэл, хүмүүжил зэрэг нийгмийн тулгамдсан асуудлын хүрээнд дуу хоолойгоо нэгтгэн тэмдэглэн өнгөрүүлдэг.

Харин бидний хувьд Хүүхдийн баяр хэмээн нэрлэж ирсэн энэ өдрийг “жинхэнэ хүүхдийн баярт” мэдээгээр онцлон хүргэж байна. Монгол Улс ахуйн түлэгдэлтийн ослоор жилд 40-50 хүүхдийн амь насыг алддаг харамсалтай түүхтэй байж ирсэн. Энэ нь жил бүр нэг ангийн хүүхдийг томчууд бид зүй бусаар амь насыг нь алддаг гэж зүйрлэж болохоор.

Энэ гашуун, харамсалтай асуудалтай “Монголын түлэнхийн сан” тэмцэж, өнөөдөр нэг ч хүүхдийн алтан амийг алдаагүй гэх баатарлаг, талархмаар тоо баримтаар энэ өдрийг “Монголын хүүхдийн баяр” болгож байна.

2015 онд Гэмтэл согогийн мэс заслын их эмч Т.Мөнхсайханы санаачилгаар “Монголын түлэнхийн сан” байгуулагдаж,  өнөөдөр олон хүүхдийн эрүүл мэндийг авран, түлэгдэлтээс үүдэлтэй нас баралтыг зогсоож, тэг болгож чадсан байна. Тэрээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоохгүй, хэвийн явуулах бүх талын дэмжлэгийг хувиасаа үзүүлсээр иржээ.

Анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор, Гэмтэл согогийн мэс заслын их эмч, Монголын түлэнхийн сангийн тэргүүн Т.Мөнхсайхан хэвлэлд өгсөн ярилцлагандаа “…намайг ГССҮТ-д ажиллаж байхад долоо хоног бүр түлэнхийн улмаас хүүхэд энддэг байсан. Эдгээр хүүхдүүдийн амь насыг аврахын төлөө юу хийж чадах вэ гээд судлаад үзтэл эмчилгээнд нь өндөр өртөгтэй зүйлс хэрэглэгддэг учраас эцэг, эхчүүд тэр бүр төлж дийлдэггүй байсан юм билээ. Үүнээс улбаалан “Сан” байгуулбал эдгээр хүүдүүдэд туслах боломжтой юм байна гэж үзэн Монголын түлэнхийн санг байгуулсан. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус сангийн санхүүжилтийг өөрөөсөө болон ах эгч, гэр бүлээсээ босгоод явж байна. Түлэгдсэн хүүхдүүдэд өндөр өртөгтэй хиймэл арьс нөхөх мэс заслын 75 хувийг эрүүл мэндийн даатгалаас, үлдсэн 25 хувийг ар гэрийнхэн төлдөг. Гэвч төлбөрийн боломжгүй айлууд 25 хувиа төлж дийлдэггүй. Жишээ нь халуун тогоонд хүүхэд түлэгдлээ гэхэд талбайн хэмжээнээсээ хамааран зарим тохиолдолд 20-30 сая хүртэлх төгрөгийн хиймэл арьс хэрэглэдэг. Үүний 25 хувь нь 5-6 сая төгрөгийг ар гэр нь гаргах шаардлагатай болдог. Энэ хэмжээний төлбөрийг гаргаж чадаагүйн улмаас хүүхдүүд эндэх тохиолдол бий. Тиймээс Монголын түлэнхийн сан маань эмчилгээний зардал гаргах боломжгүй, эмзэг бүлгийн хүүхдүүдийн эмчилгээний зардлыг шийдэж өгдөг. Бид 2018 онд хүүхдийн түлэгдэлтийн нас баралтыг 80 хувиар буулгаж найман хүүхэд эндсэн бол 2019 онд нэг хүүхэд эндэж, 2020 онд хүүхэд эндээгүй эерэг үзүүлэлт гарсан. Бид энэ зорилтот үр дүндээ хүрэхийн тулд олон нийт рүү чиглэсэн сэрэмжлүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг их хийж, ГССҮТ-ийн түлэнхийн тасгийн чадварлаг хамт олон, багтай хамтран ажилласнаар нэг талаар үр дүнгээ өгсөн болов уу…” гэжээ.

Дашрамд дурдахад гэмтэл согогийн мэс заслын их эмч Т.Мөнхсайхан нь ГССҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа түлэгдэлтээс үүдсэн хүүхдийн нас баралтыг бууруулах чиглэлээр цогц арга хэмжээг авч ажилласан бөгөөд одоо УНТЭ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа ч тус сангийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлсээр байна. Өнөөдрийг хүртэл “Монголын түлэнхийн сан” хэдэн зуугаар тоологдох хүүхдүүдэд тусалж, ээж аавтайгаа элэг бүтэн амьдрах боломжийг өгсөөр байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх