БНСУ-ын урт хугацааны визтэй иргэдийн анхааралд

2020 оны 05-р сарын 26 өдөр, 13 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
business-consultant-working-with-business-owner-on-business-plan

Шинэ төрлийн Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар БНСУ-ын урт хугацааны визтэй иргэд дараах журмыг зайлшгүй мөрдөх шаардлагатай болсон байна.

Урт хугацааны визтэй буюу оршин суух зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран БНСУ-ын хилээр нэвтрэн гуравдагч улс руу эсвэл эх орондоо зорчихдоо харьяа Гадаадын иргэн харьяатын газарт хандан БНСУ-ын хилээр буцаж орох зөвшөөрөл (re-entry)-ийг зайлшгүй урьдчилж авах шаардлагатай.

БНСУ-ын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37-р зүйлд заасны дагуу хилээр нэвтрэх зөвшөөрөл аваагүй тохиолдолд визийг хүчингүйд тооцохоор шийдвэрлэжээ. Харин Дипломат (А-1), Албан (А-2), Засгийн газар хоорондын хэлэлцээрийн шугамаар (А-3), Солонгос гаралтай (F-4) ангиллын визтэй иргэдэд энэхүү зохицуулалт үйлчлэхгүй ажээ.

Зөвшөөрөл авсан иргэд БНСУ-ын хилээр дахин нэвтрэхээс 48 цагийн өмнө халуурах, ханиалгах, ядрах, толгой өвдөх, амьсгал давчдах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илрээгүйг нотолсон эмчийн магадлагаатай байх хэрэгтэй. Магадлагаа англи эсхүл солонгос хэлээр байх бөгөөд үзлэг хийсэн эмчийн гарын үсэг, тамга, огноог тодорхой бичсэн байх шаардлагатай. Хилээр нэвтрэх зөвшөөрөлтэй ч эмчийн магадлагаагүй тохиолдолд зөвшөөрлийг хүчингүйд тооцох үндэслэл болно.

БНСУ-аас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдад тусгаарлалтаас чөлөөлөхийг зөвшөөрсөн тодорхойлолтоо өгсөн иргэдээс эмчийн магадлагаа шаардахгүй ч эрүүл мэндийн асуулгыг зайлшгүй бөглөнө.

Иймд иргэн та урт хугацаанд оршин суух визтэй эсэхээс үл хамааран хилээр нэвтрэх зөвшөөрөл (re-entry)-ийг зайлшгүй авах шаардлагатай болсон бөгөөд тогтоосон журмыг үл биелүүлвэл визийг хүчингүйд тооцохоор шийдвэрлэснийг анхаарна уу.

Эх сурвалж: http://consul.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх