УИХ-ын ээлжит сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид болон сонгогчдод хандан “Сэргэлэн Интернэйшнал Экспедишн” ТББ-аас “Үндэсний ой санамжаа сэрээе” уриалгыг дэвшүүллээ.
Үндэсний ой санамж гэдэг нь та бидний ой санамжид орших дундын хэл, түүх, соёл болон дундын ёс заншил, зорилго тэмүүллээс иж бүрдэх цогц ухагдахуун. Дундын ой санамжтай хүмүүсийг үндэстэн гэнэ. Үндэстнийхээ ой санамжийн онцлогийг бусад үндэстний ой санамжаас ямагт ангид байлгах нь тухайн үндэстний оршихуйн дархлаа юм хэмээн тус байгууллагаас онцолж байна.
Сэргэлэн Интернэйшнал Экспедишн ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн: “Ардчилсан хувьсгалаас хойш бид байгалийн баялаг, эдийн засгийг хөгжил гэх мэт үндэснийхээ ой санамжаас ангид зорилго тавьж, үр дүн муутай ажиллаж ирлээ. Төр барих ухаан зөвхөн манай үндэсний ой санамжид оршино. Өвгөдийнхөө төр барих зан үйлээр төрөө удирдаж буй үндэстэн дэвжиж байгааг өмнөд, хойд хоёр хөршийнхөө жишээнээс харж болно. Тиймээс сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даагч болон сонгогч олондоо үндэсний ой санамж нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн ул суурь нь байх ёстой гэдгийг Үндэснийхээ ой санамжийг сэрээх уриан доор сануулж байна. Сонгуулийн ялалт дөрвөн жилийн асуудал. Үндэстний оршихуйн ялалт нь хүн үндэстэн монголчуудын жинхэнэ ялалт байна” хэмээв.
Сэргэлэн Интернэйшнал Экспедишн ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбаатар: “1911 онд Олноо Өргөгдсөн Монгол улс тусгаар тогтнолоо олж туурга тусгаар улсаа сэргээн байгуулж байхдаа хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн чиг баримжааг баримталж, өөрийн гүн ухаан, түүх соёлын уламжлал дээрээ тулгуурлан хууль эрх зүй, түүх соёлоо дээдэлсэн Төрөө сэргээж байсан сайхан уламжлалтай. Бидний монголчууд тийм л чиг баримжааг ул болгон үндэснийхээ ой санамжаа сэрээж хөгжүүлж байж улс гэрээ хөгжүүлж чадна. Даян дэлхий даяаршиж байна гээд байгаа орчин цагийн үзэл онол, практик амьдрал дээр тийм ч явууртай биш гэдэг нь өнөөгийн нөхцөл байдалд тодорхой харуулж байна. Тиймээс УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй сайтар танилцаж, улс үндэстнийхээ аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж эх түүхээ харийн түрэмгийллээс хамгаалах, хэл соёлоо дээдлэн хөгжүүлэх нэр дэвшигчдийг дэмжихийг уриалж байна ” хэмээн тэмдэглэв.
2300 орчим жилийн баримтжуулсан түүхтэй манай улс ХХ зууны эхээр бусдын төрийн нөлөөнд автаж явсан эмгэнэлтэй түүх бий. Иймд төрт улсаа бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлын дархлаа болох эх түүх, хэл, соёлоо хамгаалан хөгжүүлэх нь нэг ёсондоо 2300 жилийн түүхийнхээ өмнө хүлээж буй хариуцлага гэдгийг онцоллоо.