Болзошгүй эрсдэлийн үед дэлгэх эмнэлгүүд

2020 оны 05-р сарын 07 өдөр, 14 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
95365425_842290892932782_4028777120053329920_n-6uzjjczs6qigqgi53fhtfh5oitwjhcav0it4zft1mww

“Ковид-19″ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спорт цогцолборыг түшиглэн 300 ортой эмнэлэг, Яармагт шинээр баригдаж байгаа Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлгийг дэлгээд байна.

Тус эмнэлгүүд нь халдварт өвчний тархалтын үед баримтлах стандартын дагуу байгуулагдсан бөгөөд коронавируст халдвар тархсан нөхцөлд иргэдийг шууд хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан тус эмнэлгүүдээр явж, бэлтгэл, бэлэн байдалтай нь танилцлаа.

Буянт-Ухаа спорт цогцолборыг түшиглэн байгуулсан 300 ортой эмнэлэгт коронавируст халдвар тархсан тохиолдолд эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан иргэдийг шууд хүлээн авч эмчлэх юм. Энэ эмнэлэгт эмч, эмнэлгийн ажилтан, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаа зэрэг мэргэжлийн байгууллагуудын нийт 140 гаруй алба хаагчид нэг ээлжинд үүрэг гүйцэтгэж байна.
Харин нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт хүндэвтэр буюу хүнд өвчтнүүдэд эрчимт эмчилгээ хийх 100 ортой эмнэлгийг дэлгэж, үзүүлэх дадлага сургууль явуулж байгаа юм.
ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн дэлгэсэн Онцгой байдлын байгууллагын хээрийн эмнэлгийн тухайд тус эмнэлэг нь Евро стандартын, хаана ч, ямар ч тохиолдолд дэлгэж, бүх төрлийн эмчилгээ үйлчилгээ явуулах боломжтой II шатлалын хээрийн эмнэлэг юм.
Эдгээр эмнэлгүүдийг дэлгэж үзүүлсэн нь болзошгүй эрсдэлийн үед буюу цар тахал дэгдсэн тохиолдолд иргэний байгууламжийг яаж ашиглах вэ гэдэг загварыг бусад байгууллагууд, иргэдэд танилцуулах, нөгөөтэйгүүр дайчлагдан ажиллах эмч, эмнэлгийн ажилтнууд, бусад мэргэжлийн байгууллагын алба хаагчдад цар тахлын үед өөрсдийгөө хэрхэн хамгаалах, бусад хүмүүст хэрхэн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд суралцах боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой юм гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх