Засгийн газрын өнөөдрийн /2020.05.06/ хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 139 дүгээр тогтоол”-д нэмэлт өөрчлөлт орууллаа.
Өөрчлөлтөөр 2020 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл “Сургалтын төв”- үүд халдвар хамгааллын дэглэм, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдэж байгаа юм.
Улсын хэмжээнд 1088 сургалтын төв байгаа бөгөөд төгсөх ангийн сурагчдад танхимын сургалтаар сургууль тус бүр давтлага өгч их,дээд сургуулийн элсэлтэд бэлдэх нөхцлөөр хангахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгасан байна.
Давтлагыг УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг удаад анги танхимд 10-аас хэтрэхгүй сурагч, сургуулийн хэмжээнд 40-50 хүртэл сурагч байхаар тооцож ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.