Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орж, сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байна.
2020 оны 05 дугаар сарын 05-ны 20 цагаас 05 дугаар сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эгь-Үүр, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Онон, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө сэрүүсч 17-19 градус дулаан байна.