Ил задгай гал түлж хувцас шатаах нь торгуультай ч зориулалтын газар шатаалгах нь нээлттэй

2020 оны 04-р сарын 30 өдөр, 17 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
download (3)

Уламжлалт зан заншил, төлөвшил зэргээсээ шалтгаалж Монголчууд бид өмсөж байсан хувцас, зарим хэрэглэсэн эд зүйлсээ шууд хаячихаж чаддаггүй. Хэн нэгэнд өгөхөд хэт хуучирч муудсан, бас шууд хогийн цэг дээр хаячихаж чаддаггүй.

Хаяж чадахгүй, хүнд өгчихөж болохгүй хувцас, эд зүйлээ устгахын тулд хээр, хотоос зайдуу очиж шатаах гэж оролдох болжээ. Гэвч энэ нь зөв алхам биш гэдэг нь өнгөрсөн өдрүүдийн олон жишээ баталж байна.

2020 оны дөрөвдүгээр сарын 26 өдөр нэгэн эмэгтэй дээр хэлсэн шалтгаантайгаар хуучирч муудсан хувцсаа шатааж байгаад санамсаргүй гал алдаж түймэр гаргачихав. Өнөөдөр тус хэргийг хууль, хяналтын байгууллага шалгаад явж байна. Богд уулын шатсан хэсэгт ямар хохирол гарсан вэ гэдгээс шалтгаалж өнөөх эмэгтэй торгууль хүлээнэ. Ганц ширхэг хувцас шатаах гэж байгаад өрөнд орчихсон гэсэн үг. Ийм эрсдэлтэй алхам хийж, буруутан болж, торгууль хүлээсэн олон жишээ байдаг. Гал унтраах байгууллагын зүгээс шар өвс шатаах, ил задгай хувцас шатаахыг хатуу хориглож, анхааруулдаг боловч иргэд зөрчиж, хохирсоор байна. Энэ тухай Гал унтраах байгууллагын төлөөлөл Б.Мягмаржаваас бид тодрууллаа.

Хуурайшилт ихтэй хаврын улиралд ой хээрийн болон ахуйн гал түймэр нэмэгдэх хандлагатай байдаг. Тэр дундаа Улаанбаатар хотын гэр хороолол, зуслангийн бүст гал түймэр гарах нь элбэг болжээ. Гал гарч байгаа шалтгааны нэг нь өнөөх л хувцас, эд зүйлээ шатаах гэж байгаад гал алдаж өөрийн эд хөрөнгө, бусдын эд хөрөнгийг галд шатаахаас гадна эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй нүүр тулдаг байна. Иймээс Нийслэлийн хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсээс ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж, торгох хуулийн зохицуулалттайг анхааруулсаар байна. Бид энэ талаар Улаанбаатар хотын хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуунаас тодрууллаа.

Ил задгай гал гаргаж болохгүй гэж хуулиар хориглосон ч амьдрал дээр тулгардаг олон бэрхшээл бий. Дээр хэлсэнчлэн эдэлж хэрэглэж байсан хувцсаа шатаах шаардлага гарч ирдэг. Үүний нэг нь засал номтой холбоотой. Ялангуяа бурхан болоочийн эдэлж хэрэглэж байсан хувцас, эд зүйлийг хаяж, эсвэл хүнд өгч болохгүй байх тохиолдол элбэг. Ийм нөхцөлд заавал шатаах хэрэг гарна. Нөгөө талдаа хүмүүс үр хүүхдийнхээ, хань ижлийнхээ хувцсыг хуучирч муудахаар нь шууд хаячихаж чаддаггүй. Хаяж чадахгүй учраас шатаах арга сүвэгчилж эхэлдэг байна. Уг нь ахуйн хаягдал, эд зүйл, хувцас зэргийг заавал ил шатааж өөрийгөө эрсдэлд оруулах шаардлага байхгүй юм. Учир нь Монгол улсын стандартын шаардлагад нийцүүлсэн ахуйн хог хаягдал, хувцас зэргийг шатаах зориулалттай зуух бүхий аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотод ажиллаж байна. Үүний нэг нь “Улаанбаатар буян” ХХК юм. “Улаанбаатар буян” ХХК-ийн зөвлөх үйлчилгээ хөгжүүлэлтийн албаны менежер Н.Түвшинбаяраас тодрууллаа.

“Улаанбаатар буян” ХХК нь бурхан болоочийг чандарлах үйлчилгээг үзүүлэхээс гадна ахуйн хэрэглээний хог хаягдлыг шатаах зориулалтын 3 зуухтай юм байна.  3 газарт байрлаж буй уг зууханд иргэн та өөрийн эдэлж хэрэглэж байсан хувцас, эд зүйлээ шатаалгах боломжтой. Үүнээс гадна шууд хаячихаж чадахгүй байгаа бараа материалаа ч аваачиж шатаалгах боломжтой гэдгийг тус компанийнхан хэллээ. Дээр хэлсэнчлэн хаяхыг хүсээгүй хувцсаа шатааж байгаад гал алдсан эмэгтэй өнөөдөр богд уулыг шатаасан гэх асуудлаар өндөр хэмжээний торгууль төлж болзошгүй болчихоод байна. Ийм эрсдэлд орохгүйн тулд та зориулалтын газар нь хаягдлаа шатаалгах нь өөрийгөө эрсдэлд оруулж торгууль хүлээхгүй. Мөн өөрийн болон бусдын эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй юм.

Эх сурвалж: asuudal.mn

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх