Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав

2020 оны 04-р сарын 29 өдөр, 13 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ab2ef522-bf1d-4188-bd28-c834364d2d0f

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.28/ хуралдаан 15.20 цагт эхэлж, Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлэг болон Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын  төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцууллаа.

Хэлэлцэх асуудлаар саналтай гишүүн байсангүй.

Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн тамгын газар, яамдууд, төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулж, УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Мөнхбаатар нар зарчмын зөрүүтэй санал гарган, санал хураалт явуулж шийдвэрлэснийг тэмдэглэв.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр дээр ирүүлсэн Санал хүргүүлэх тухай албан бичгийг Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлсан хууль гаргахаар ажиллаж буйг дэмжиж байгаагаа илэрхийлээд, 1.“Хямралын эсрэг” тусгай зорилтот сан байгуулах, 2.Улсын орлого болон хураагдсан барилга, байгууламж эд хөрөнгөөс олсон орлогыг эмнэлэг барих, төхөөрөмж худалдан авах ажиллагаанд зарцуулах, 3.Цар тахлын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, нэн хөнгөлөлттэй орон сууцны зээл олгох, тусламж урамшууллын тусгай төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх, 4.Цар тахалтай тэмцэх ажилд хүчин зүтгэх хүний нөөцийг хангалттай хэмжээнд бэлтгэх, тэдний  нийгмйн баталгааг хангах, 5.Цар тахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авахдаа хүүхэд, өндөр настан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтмол авах шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг бүлгийн иргэдийн нөхцөлийг хэвээр хадгалах, сайжруулах, үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг хуулийн төсөлд тусгах таван багц саналыг ирүүлжээ.

Үргэлжлүүлэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хийв.

Танилцуулгадаа, Ажлын хэсэг 2020.04.28-ны өдөр хуралдаж, хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн санал, Ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн хэлэлцсэн талаар онцлов. Мөн зарчмын зөрүүтэй саналууд нь цар тахлын голомтод, эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний, төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүнийг татаасаар дэмжлэг үзүүлэх, жирэмсэн болон эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, УИХ-аас хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэх зэрэг ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болон Хууль зүйн байнгын хороо, Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Н.Энхболд, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан, Ц.Цогзолмаа нар асуулт асууж,  хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны болон Ажлын хэсгийн саналын томъёолол, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалт явуулж дууссанаар  Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Төгсгөлд нь, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,  Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар тус, тус ахлуулан байгуулахаар шийдвэрлэснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх