“Эрдэнэс-Тавантолгой” ХК аудитын шалгалтаар зөрчилгүй гарчээ

2020 оны 04-р сарын 27 өдөр, 13 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
690d5502d3ef363d7bb7f83fb0aa448c
“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.04.27/ онлайнаар зохион байгуулж тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн 7 хоногт 45.2 мянган тонн нүүрс олборлож, 549 тэвшээр 38.2 мянган тонн нүүрс ачиж, 433 тэвшээр 49.5 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. Он гарсаар нийтдээ 2.5 сая тонн нүүрс олборлож, 902.4 мянган тонн нүүрс экспортлоод байна. Өмнөх долоо хоногоос ачилт 240 тэвш буюу 15 мянган тонноор, экспорт 131 тэвш буюу 10 мянган тонноор нэмэгдсэн дүнтэй байна.
7 хоногийн хугацаанд 1800-1072 утсаар 1.276 хүн холбогдож, “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн байранд 307 иргэн ирж мэдээлэл зөвлөгөө авлаа. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 30.426 иргэн биечлэн ирж, 1800-1072 лавлах утсаар 71.375 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна.
Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг онлайнаар явуулах чиглэлийг Хувьцаат компаниудад өгсөн. Мөн Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор энэ сарын 24-нд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг онлайнаар зохион байгууллаа. Хурлаар  Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай, Ногдол ашиг хуваарилах Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах тухай, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны ажлын тайланг танилцуулах тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцсэн байна.  Хурлыг компанийн www.ett.mn сайт,  “1072 Хувьцаа Мэдэээллийн төв” пэйж хуудсаар шууд дамжуулан үзүүлж, иргэдийн тавьж буй түгээмэл санал асуутад харилут өгсөн талаар ТУЗ-ийн ажлын албаны ахлах хуульч С.Батсүрэн мэдээлэл өглөө.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн 2019 оны тайланг танилцуулсан. Өнгөрсөн жил “Эрдэнэс-Тавантолгой”  ХК 1 тэрбум долларын борлуулалтын орлоготой, 1 их наяд гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Мөн Үндэсний аудитын газар, хөндлөнгийн аудитын байгууллагаас хийсэн шалгалтаар санхүүгийн ямар нэгэн зөрчилгүй гарсан байна.  Энэ бол “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хуулийн дагуу, ил тод нээлттэй явагдаж байгааг баталгаажуулсан явдал боллоо гэж ХМОНХХ-ийн дарга М.Амарбаяр хэллээ.
Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.000 болсон бөгөөд үүнээс 2.036.000 иргэн хувьцааны данс нээлгэжээ. Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын нэгнээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийнэ. Мөн Гааль татвар санхүүгийн баримтын мэдээллийн технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И баримт аппликейшнээр дамжуулан ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн талаар тус компанийн Үнэт цаас, бүртгэлийн хэлтсийн дарга С.Тулгаа мэдээлэл өглөө.
Тус компанийн охин компани “Эрдэнэс-Тавантолгой майнинг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч Ти Ти Жи Ви Си Өү ХХК шинээр байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр сонгогдсон 10 ажилтнаа халж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 9 ажилтныг өөрийн техник дээр  ажиллуулахгүй гэсэн шийдвэр гаргасныг үйлдвэрчний эвлэл, уурхайн ажилтнууд эсэргүүцэн, алхалт хийж эсэргүүцлээ илэрхийлээд удаж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхээр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар  “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д албан бичиг хүргүүлж, харин ЭТТ ХК-иас  “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК болон “Эрдэнэс-Тавантолгой майнинг” ХХ компаниудад ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, уурхай дээр үүссэн нөхцөл байдлыг хэвийн болгох  шаардлага тавиад байсан юм. Өнгөрсөн долоо хоногт УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар уурхай дээр ажиллаж, ажиллагсад, үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзсан байна. УУХҮ-ийн сайдаас үүрэг чиглэл өгсний дагуу ажиллагсадын тавьж буй шаардлагын хоёр нь шийдэгдсэн гэнэ. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-аас халагдсан ажилтнуудыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилд авья гэсэн боловч өөрсдөө шүүхээр асуудлаа шийдүүлэхээр болсон бол  “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн зүгээс техник дээрээ гаргахгүй гэсэн ЭТТ ХК-ийн 9 ажилтны ажлын байрыг шилжүүлж, цанхийн баруун уурхайд ажиллахаар хуваарилжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх