Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” А/195 дугаар тушаал гаргасан. Энэхүү тушаалаар:
- 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоосон.
- Элсэлтийн шалгалтын босго оноог Үндэсний хэмжээнд тогтоосон босго онооноос доошгүй байхаар тогтоож Удирдах зөвлөлөөр батлуулан, оюутан суралцагчдын хяналтын тоондоо багтаан нээлттэй ил тод, цахим хэлбэрээр элсэлтийг зохион байгуулахыг их, дээд сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгосон.
Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагт дууссан. Бүртгэлд 30882 шалгуулагч хамрагдснаас 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль төгсөх 28001 шалгуулагч, өмнөх оны төгсөгч 2881 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны хооронд зохион байгуулна.
Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдад зориулан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 12 дугаар ангийн сурагч бүрт Элсэлтийн ерөнхий шалгалтын дүрэм журамтай холбоотой гарын авлагыг хүргэсэн. Энэхүү гарын авлагад шалгуулагчдад шаардлагатай “Теле” хичээл, видео танилцуулга, зөвлөмж хичээл, мэдээлэл, дүрэм, журам зэрэг бүхий л мэдээллийг нэгтгэн оруулсан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 7 хоногт 1 удаа шалгуулагчийн бүртгүүлсэн и-мэйл хаягаар ЭЕШ-ын зөвлөмж, мэдээллийг хүргэнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхдээ:
- Шалгалтын даалгаварт зөвхөн 12 дугаар ангид судалсан хичээлийн агуулга ордоггүй тул суралцагчид 10, 11 дүгээр ангийн “Теле” хичээлийг econtent.edu.mn цахим хуудсаар дамжуулан үзэж мэдлэгээ бататгах, сэргээн санах;
- Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдад зориулсан монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээр БҮТ-өөс бэлтгэсэн “LIVE” хичээлийг өдөр бүр 11:00, 15:00 цагаас facebook.com/eec.mn/ цахим хуудсаар дамжуулан үзэх;
- Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой бүхий л мэдээллүүдийг нэг дор байршуулсан help.eec.mn “Цахим зөвлөх” хуудсыг Боловсролын үнэлгээний төвөөс ажиллуулж байгаа бөгөөд суралцагчид өөрийн хүссэн асуултад хариулт авах;
- Нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэн холбооны компаниудтай хамтран ажиллаж, БҮТ-өөс бэлтгэн гаргасан ЭЕШ-тай холбоотой бүх видео контентуудыг Юнивишний IPTV, LOOKTV болон Скаймедиа видеосанд байршуулсан байгаа тул шалгуулагчид үнэ төлбөргүйгээр үзэх;
- Их, дээд сургуулийн бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум / http://www.cmuc.edu.mn/ / -аас лавлах боломжтой юм.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ