Худал мэдээлэл түгээсэн иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

2020 оны 04-р сарын 24 өдөр, 12 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
94312271_1604278046390018_3956618581399044096_n

  Олон нийтийн дунд цахим хуудас ашиглан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “үхсэн малын махыг өнгө оруулж байна” гэсэн тайлбар бүхий хэзээ хаана хийгдсэн нь тодорхой бус бичлэгийг байршуулан нөөцийн мах бэлтгэлтэй холбох зорилго бүхий мэдээлэл байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг түгээсэн байна.

  Энэхүү худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, айдас түгшүүр төрүүлэх нөхцөл байдал үүсгэсэн байна.

   Худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж тогтоон, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,  Мал эмнэлгийн ерөнхий газар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс,  Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран ажиллаж байна.

 Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/899 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэх нөөцлөх, худалдан борлуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны  даргаар ахлуулан байгуулсан.

Тухайн ажлын хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний хэлтэс, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж байгуулсан.

Чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан мах нийлүүлж, худалдаалахын тулд Мэргэжлийн хяналтын байгууллага нь Төрийн хяналт шалгалтын тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай, Мал эмнэлгийн байгууллага нь Малын эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжүүдийн махны нөөц бүрдүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт, худалдаалалт, чанар, аюулгүй байдалд хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед энэхүү худал мэдээлэл нь олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн нөхцөл байдал үүсгэж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.  

Дотоодын махны хангамжийг тогтворжуулах зорилтын хүрээнд Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан Засгийн газрын 2019 оны 285, 329 дүгээр тогтоолын дагуу арилжааны банкны эх үүсвэрээр болон экспортлосон махны 10 хувьтай тэнцэх тоо хэмжээний махыг нийлүүлэх бодлогын гэрээ байгуулсан, Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 40 орчим аж ахуйн нэгжийн, нийт 12.6 мянган тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн.

Бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн. Нөөцийн махыг Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр худалдаалж байгаа нь зах зээл дэх үнээс 19.7-33.7 хувиар хямд байна.

Нөөцийн махны худалдаагаар 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 1904.8 тн махыг нийлүүлээд байна. Үүнээс: үхрийн ястай мах  806.2 тн, хонины ястай мах 921.3 тн, ямааны ястай мах 177.3 тн. байна

Нөөцийн махны худалдааг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  үргэлжлүүлнэ.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх