Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамиртай “Бид нэг амьтай шүү” аяны талаар ярилцлаа.
-“Бид нэг амьтай” аяны зорилго юу вэ?
Монгол Улсын Эрүүгийн хууль 260 гаруй үйлдлийг гэмт хэрэг хэмээн тооцсон байдаг. Үүнээс манайд бүртгэгдэж байгаа нийт гэмт хэргийн 80 хувийг дөрвөн төрлийн гэмт хэрэг эзэлдэг. Энэ нь хулгайлах, бусдын эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг буюу зодолдох, зам тээврийн осол буюу тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, залилан мэхлэх гэмт хэрэг байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл бол урьдчилан сэргийлэх ажил юм. Монгол Улсын хэмжээнд гэмт хэргийн тоог бууруулъя гэвэл дээрх дөрвөн төрлийн гэмт хэргийн гаралтын багасгах шаардлагатай. Манай байгууллагаас шат дараалсан ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, “Яараад яахав дээ”, “Нэг хором”, “Ятгах тусам нягтал”, “Дураараа биш дүрмээрээ” аяныг зохион байгууллаа. Харин энэ удаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж буй 13 мянга гаруй жолоочид зориулан “Бид нэг амьтай шүү” аяныг хэрэгжүүлж байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг хариуцан ажилладаг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс хамтран ажиллах хүсэлт тавьсны дагуу тус замаар нүүрс тээвэрлэж буй жолооч нарт зөвлөгөө мэдээлэл өгч, соён гэгээрүүлье, аюулгүй байдлыг нь хангая, ослын тоог бууруулъя гэдэг үүднээс хамтарч “Бид нэг амьтай шүү” аяныг зохион байгуулж байна.
-“Бид нэг амьтай” гэдэг нэрийг яагаад сонгосон юм бэ?
Бид хэд хэдэн утгыг бодолцон энэ нэрийг өгсөн. Тэнд ажиллаж, нүүрс тээвэрлэж буй жолооч нар бүгд нэг зорилгын төлөө явж байгаа. Энэ нь ахиу хэдэн төгрөгийн цалин авч, ар гэрээ өөд нь татах. Мөн энэ хүмүүс бол Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөж буй тээвэрчид. Тээвэр зогсвол Монголын эдийн засаг зогсоно. Сая коронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор нүүрсний экспортын тээврийг хэсэг хугацаанд зогсоох үед улсын төсөвт орох орлого багассан тухай мэдээлэл бий. Тэгэхээр тэд нэг талаасаа ар гэрээ тэжээж байгаа боловч нөгөө талаасаа эх орныхоо төлөө зүтгэж яваа хүмүүс. Эцэст нь хүний амь гэдэг ганц юм. Бид бүгд нэг л амьтай. Хоёр дахь амь гэж байхгүй. Хэн ч үхнэ гэж бодож давхихгүй, үхэхгүй, чадна л гэж боддог. Гэвч 100-хан метрийн цаана зам дээр юу байгааг хэн ч мэдэхгүй. Иймд өөрт байгаа ганц амиа хайрлах хэрэгтэй. Ганц удаагийн санамсаргүй алдаа хүний амь авч оддог гэдгийг санаж, болгоомжилж явах хэрэгтэй.
-Аяны хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
Олон ажил байна. Түүн дотроо түлхүү хийхээр төлөвлөсөн ажил нь жолооч нарынхаа ухамсарт нөлөөлөх чиглэлийн ажлууд байгаа. Тухайлбал, ослын аюул гамшгийг харуулсан видео шторкууд бэлтгэсэн. Тараах материал, гарын авлагууд, постерууд хийлгэлээ. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ОНХА-аас жолооч нарт зориулсан тусгай сэтгүүл гарган түгээв. Түүнчлэн хүмүүсийн өөрсдийнх нь аюулгүй байдлыг хангах чиглэлээр газар дээр нь очиж нөлөөллийн зарим ажлууд хийж байна. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс аюулгүй байдлыг нь хангах чиглэлээр зам засварын ажлуудыг тогтмол хийж байна. Нийт 239 км автозамын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, эвдрэл гэмтлийг засварлах зэрэг ажлыг “Эрдэнэс Монгол” компани хангалттай хийж, бидний зүгээс замын эргүүлүүдийг тогтмол ажиллуулж байгаа.
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозам дээр гардаг ослын шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?
Жолооч нарын ухамсраас үүдэж гарах эрсдэл их бий. Хурд хэтрүүлдэг, нойр хоолгүй явах, үргэлжилсэн цагаан шугам давах зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг. Бүр хоорондоо уралддаг, удсан “архаг” зарим жолооч нь нэгийгээ шахаж, дээрэлхэх, дугаарлаж байхад нь урдуур нь дайрах зэрэг үйлдлүүд ч гардаг. Энэ нь ослын шалтгаан болдог томоохон асуудал. Өчнөөн зуун тоннын нүүрс ачиж, 50-60 тоннын жинтэй том оврын машин унасан жолооч хурдаа жаахан хэтрүүлэхэд л физикийн хуулиараа зогсох ямар ч боломжгүй болдог. 50 метрийн зайнд байгаа саадыг хараад зогсоох арга хэмжээ авсан ч тэрийг заавал мөргөнө шүү дээ. Тэгэхээр жолооч нар минь наад зах нь хурдаа хэтрүүлэхгүй, дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцох нь маш чухал байна. Гэхдээ энэ бүхэнд жолооч нарыг буруутгах аргагүй. Зохион байгуулалтын арга хэмжээг авах шаардлагатай.
-Танайхаас хэрэгжүүлсэн өмнөх аянууд ямар үр дүн үзүүлж байв?
“Яараад яахав дээ” аяныг хэрэгжүүлснээр орон нутгийн замд гардаг осол 40 хувиар буурч байлаа. Мөн “Бид нэг амьтай шүү” аяныг хэрэгжүүлснээр бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Бидний энэ ажил зөвхөн Гашуунсухайтын зам дээрх жолооч нарын аюулгүй байдлыг хангахад хязгаарлагдахгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг, айл өрхийн амьдралыг бид эрсдэлээс хамгаалж байгаа юм. Аяны үр дүнд нэг жолоочийн ард амьдрал, олон амь бий гэдгийг ой тойнд нь суулгаж өгмөөр байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамаар нүүрс тээвэрлэж буй мянга мянган жолооч та бүхэн нэг зорилготой, нэг л амьтай хүмүүс шүү дээ.
Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК