Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргалтай ярилцлаа.
-Үе үеийн хотын удирдлагын багт эмэгтэй орлогч цөөхөн байсан. Энэ удаад хотын дарга С.Амарсайханы багт та багтаж нийслэлийн агаар орчны бохирдлын асуудлыг хариуцан ажиллаж байна. Ажлаа юунаас эхлэхээр анх төлөвлөж байсан бэ?
–Албан тушаалд хүйс байхгүй шүү дээ. Хэн тухайн түвшинд ажиллаж чадна гэж итгэгдэнэ тэр л хийх ёстой. Түүний дагуу хотын шинэ удирдлага багаа бүрдүүлэхдээ намайг томилсон байх гэж боддог. Энэ итгэлийг алдахгүй юмсан л гэж хичээдэг. Агаар орчны бохирдлын асуудал бол анх хариуцаад авахад үнэхээр сүрдмээр ажил байлаа. Бид бүгдээрээ Улаанбаатар хот өвөлдөө ямар байсныг мэдэж байгаа. Өмнө ч энэ асуудлыг эмэгтэй орлогч хариуцаж ажиллаж байгаагүй юм билээ. Бид хамгийн эхлээд яаж хүн ардаа хамгаалах вэ гэдгээс ажлаа эхэлсэн. Миний энэ ажлыг хийх саналыг хүлээн авсан цаг үе нь онцлог байсан гэж боддог. 2018 онд Монгол Улсын Засгийн газраас 62 дугаар тогтоолыг гаргасан нь олон талын ач холбогдолтой байсан. Тухайн үед нийслэлд түүхий нүүрс түлэхгүй гэсэн шийдвэрийг иргэд янз бүрээр хүлээж авч байлаа. Хамгийн чухал нь гэр хорооллын 220 мянган айл өрхийн галлагаанд ахиц дэвшил гаргаж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явдал байв. Тиймээс Засгийн газраас гаргасан энэ тогтоолыг нийслэлийн түвшинд яаж оновчтой зөв зохион байгуулах вэ гэдгээс ажлаа эхэлсэн. Ингээд сайжруулсан түлшийг түгээж, тээвэрлэж, эцсийн хэрэглэгчдэд хүргэх ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж харьцангуй амжилттай ажилласан. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын явцаас харахад Засгийн газраас маш их анхаарсан, нийслэлийн бүх шатны байгууллага тусламж дэмжлэг сайн үзүүлж, иргэд ч хичээсэн. Ингэж бүх нийтээрээ хичээж ажилласны үр дүнд агаарын бохирдлоо тодорхой хэмжээгээр бууруулж чадлаа. Энэ бол богино хугацаанд хүрсэн том амжилт гэж иргэд үнэлдэг. Нийслэлчүүдийг гал алдуулахгүй, ахмадууд, хүүхдүүдийг дааруулахгүй байхад хичээж ажилласан, эргээд харахад амаргүй цаг үеийг ардаа орхижээ. Одоо харин цаашдаа энэ ажлаа яаж амьдралын хэвшил болгох уу, иргэд өөрийн ухамсраар дадал болгон авч үлдэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Эрүүл агаартай хотод амьдрах нь бид бүгдийн л хүсэл шүү дээ.
–Өнгөрсөн өвөл утаа багассан гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлсэн. Харин цаашид Улаанбаатарыг утаагүй болгоход ямар ажлууд хийх вэ?
-Засгийн газрын 62 дугаар тогтоол өөрөө тэр чигээрээ технологийн шинэчлэл хийхийг шаардсан шийдвэр байсан. Цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэж буй томоохон халаалтын зуух, станцуудаас бусад бүх аж ахуйн нэгжид түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Бид ХХ зууныхаа технологиос салж ногоон эрчим хүч, барилга, технологиудыг нэвтрүүлж, дэлхийн нийтийн чиг хандлага, орчин үеийн инноваци технологитой хөл нийлүүлэн алхах ёстой. Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Парисын хэлэлцээр болон дэлхийн улс орнуудын өмнө хүлээсэн үүрэг ч бий. Эцсийн зорилго бол нүүрс хэрэглэж утаа гаргадаг яндангүй болох. Хот гэдэг нэг айл гэж ярьдаг. Нөгөө талаасаа хот гэдэг ганцхан айл биш юм. Хэрвээ ганц айл байсан бол шийдэл нь амархан. Хотын агаарын бохирдлыг эх үүсвэрийнх нь талаас авч үзвэл гэр хорооллын 200 мянган айл өрхийн яндан болон 3000 орчим халаалтын зуух болон цахилгаан станцын яндангаас гарч байгаа утаа. Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй 500 мянга гаруй автомашины яндангийн утаа. Энэ зорилгод хүрэхэд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй. Үе шаттайгаар арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй байгаа юм. Тиймээс бид нэг талаас богино хугацаанд сайжруулсан түлш хэрэглэж утааг бууруулсан нь сайн хэрэг. Яваандаа утаа гаргадаггүй технологи, эрчим хүчний өөр эх үүсвэр хэрэглэх, эрчим хүчний хэмнэлттэй технологи нутагшуулах нь чухал. Эрчим хүчний хэмнэлттэй технологи гэдэг нь орон сууц, гэр байшингийн дулаалга, Пассивхаус буюу ногоон барилгын технологийг нэвтрүүлэх, ашиглаагүй эрчим хүчээ хадгалах батерей сторижийн технологи, сэргээгдэх эрчим хүч, бодисын фазын шилжилт буюу давсан батерейт халаагуурын технологи гэх мэт хамгийн орчин үеийн, урт хугацаанд нийгэм, эдийн засгийн үр өгөөжөө өгөх төслүүд юм. Тухайлбал, дэлхийн технологи өнөөдөр батерей сториж руу явж байна. Хүн төрөлхтөн бензин, шатахуунаар биш батерейгаар ажилладаг томоохон шумбагч онгоц, нисэх онгоц, ачааны машиныг үйлдвэрлэж байна. Цахилгаан, дулааны асуудал асар их өртөгтэй дэд бүтцээс татгалзаж эхэлсэн. Нийслэлийн хувьд шөнийн цаг болон хэрэглээний оргил биш цагтаа эрчим хүчээ хадгалж, 50-75 хувийн ашигтай ногоон эрчим хүчийг бий болгох боломжтой талаар судалж байна. Хий газын шийдлүүд гээд бүх хувилбарыг туршиж, судлаж, урт хугацааны зөв сонголт руу чиглэхийг хичээж байна. Эрчим хүчний хэмнэлтийг бий болгож, агаарын бохирдлыг бууруулахад дулаалга үнэхээр чухал ач холбогдолтой. Бид өмнө нь зургаан тонн нүүрс түлдэг байсан айл энэ өвөл 1.2 тонн сайжруулсан түлш түлсэн. Тиймээс 2020 оныг дулаалгын жил болгож зарласан. ХБНГУ-ын талтай Пассив хаусын технологиор гэр хорооллын 88 сургууль цэцэрлэгийг иж бүрэн дулаалга хийж, халаалт, агааржуулалтын системийг суурилуулах судалгааны ажлыг эхлүүлэхээр санамж бичиг байгуулан ажиллаж байна. Нэг анги танхимын дулааныг 5-8 хүүхдийн биеэс ялгарах дулаанаар л шийдвэрлэх боломжтой технологийн шийдэл. Мөн төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбох, одоо хэрэглэж байгаа уурын зуухнуудыг эрчим хүчний байгальд ээлтэй, ногоон технологийн халаалт, цахилгааны эх үүсвэрээр солих шинэчлэлийн ажлыг ч хийж байна. Манай нийслэлийн иргэд ч цэвэр агаартай хотын төлөө хариуцлагатай байж, шинэ бүтээгдэхүүн, мэдээлэлд соргог хандаж байна. Энэ жил 20 гаруй мянган айл өрх цахилгаан болон бусад эх үүсвэрт холбогдож, яндан зуухнаас татгалзлаа. Бид мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хөрөнгө оруулалтаар иргэдэд байгальд ээлтэй халаалт, дулаалгын шинэ инноваци технологиудыг сурталчлах мэдээлэл инновацийн зургаан төвийг байгууллаа.
-Иргэдийг орон сууцжуулж, гэр хорооллыг дахин төлөвлөх тухайд томоохон ажлыг нийслэлээс эхлүүлсэн. Энэ тухайд?
-Мэдээж урт хугацааны шийдэл бол иргэдийг орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх, дэд бүтцээр хангах асуудал. Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил өмнөх Засаг даргын үед хэрэгжиж байсан. Тухайн үед дэд бүтцийг шийдэлгүйгээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг түрүүлж эхлүүлснээрээ багагүй гомдол санал дагуулж, хэрэгжих боломжгүй байдалд орсон. С.Амарсайхан даргын багийнхан энэ алдааг давтахгүйн тулд хотын инженерийн дэд бүтцийн системийн түвшинг тодорхойлж, өргөтгөл шинэчлэл хийх, гэр хороололд дахин төлөвлөх шаардлагатай байршлуудад дэд бүтцийг эхэлж татах ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, нийслэлийн ЗДТГ-ын хамтарсан санхүүжилтээр гэр хороололд зургаан дэд төвийг байгуулах ажлыг эрчимтэй хийж байна. Мөн “Баянхошуу” дэд төв, “Сэлбэ” дэд төвийн ажил эрчимтэй өрнөж, дуусах шатандаа явж байна. Ирэх жилүүдэд “Дэнжийн мянга”, “Дамбадаржаа”, “Шархад”, “Толгойт” гэсэн дэд төвүүдийн ажлыг хийнэ. Товчхондоо өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд хийж байгаагүй инженерийн хувьсгалыг гэр хороололд хийж байна. Мөн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд түрээсийн орон сууц, орлогод нийцсэн орон сууц төслүүдийг хэрэгжүүлж байна. Тэр дундаа түрээслээд өмчлөх хэлбэрийг НОСК анх удаа хэрэгжүүлсэн нь онцлог байлаа.
-Гэр хорооллын айл өрхүүдийн зуух пийшингээс гарсан үнсийг дахин ашиглах тухай анх удаа хөндөж эхэлсэн. Хэнд ч хэрэггүй гэгдэж ирсэн хог хаягдлыг дахин ашиглах ажил ямар шатандаа явна вэ?
–Сайжруулсан түлшнийхээ асуудлыг нэлээн анхаарч явлаа. Бидний нэг орхигдуулж болохгүй ажил бол түлшнээс гарч буй үнс. Хаврын улиралд салхитай үед гэр хорооллын үнс салхинд хийсэж дахиад л Улаанбаатар хотын бохирдлыг үүсгэж байгаа тул хотын баг энэ асуудалд цогц шийдэл хайж “Үнс” хөтөлбөрийг туршиж байна. Жилээс жилд Улаанбаатар хот үнс “үйлдвэрлэсээр” байх болно. Үнс бол хог хаягдал биш маш үнэ цэнэтэй материал гэж харах хэрэгтэй. Яагаад гэхээр АНУ-д 1983 оноос үнсийг бүтээгдэхүүн болгон ашиглах туршилтыг хийж, өндөр чанартай автозамын бүтээн байгуулалт хийхийн тулд үнсийг заавал ашиглах тухай Холбооны тогтоол гаргасан байдаг. Хуучин уламжлалт байдлаар хэрэглэгддэг асфальт бетонон хучилтын оронд автозамын хучилтын бетоны 50 хувьд үнс хэрэглэж эхэлсэн. Үнсийг хэрэглэснээр нүүрсний хэрэглээг хаягдалгүй ашиглаж, замын даац, ашиглалтын хугацааг 20-30 жил уртасгаж, нөхөн сэргээх зардлыг 50 хувь багасгаж байна гэж судлаачид дүгнэж байна. Байгалийн нөөц, зам барих хугацаа, материалын зардлыг хэмнэж байгаа талаар Европын холбоо, ОХУ, Хойд Америк, Япон улсын эрдэмтэд эрэл хайгуул хийж байна. БНСУ-д гэхэд л үнсээр хиймэл чулуу, дулаалгын материал үйлдвэрлэж байна. Италид зам барих зуурмагтаа барьцалдуулагч нэмэлт эрдсийн оронд үнсийг хэрэглэдэг бол Хятадад замын хучилтын зуурмагаа цемент, шохой, үнсээр хийдэг. Сонирхолтой нь үнсний хольц бүхий бетонон зуурмагаар хийсэн зам, асфальтан замтай харьцуулахад бензин бага иддэг гэсэн судалгаа ч гарсан. Тэгэхээр бид автозамын хөгжлийн түүхэн дэх шинэчлэлийг хийх цаг үе иржээ гэж бодож байна. Үнс бол 10-100 микроны хэмжээтэй маш нарийн тоосонцор, нөгөө талаар байгалийн эрдэс. ШУА, БАК, ШУТИС лабораториор цахилгаан станцын болон сайжруулсан шахмал үнсний шинжилгээг хийлгэхэд цацраг идэвхт бодис, хүнд хортой нэгдэл багатай болохыг тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, барилгын үйлдвэрлэлийн стандартыг хангаж байгаа. Манай улсад аж ахуйн нэгжүүд бетон, блок үйлдвэрлэхэд орц найрлагадаа үнсийг бага хэмжээгээр ашигладаг. Одоогоор хэнд ч хэрэггүй юм шиг харагдаж байгаа үнсийг 100 хувь эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломж байна. Нэг жишээ нь уул уурхайн нөхөн сэргээлт буюу дүүргэлтийг ч үнсээр хийх боломжтой юм билээ. Одоогоор туршилтын төсөл хэрэгжүүлэхээр бид уулзалт хийж шийдэл хайж байна. Энэ ажил бүтвэл нийслэлд хуримтлагдсан найман сая тонн үнсний асуудлыг шийднэ гэсэн үг.
-Таны ажилласан байдал, туршлага байгаль орчин бус боловсрол юм билээ. Анх хотын даргын орлогчоор багш хүнийг томиллоо гэх шүүмжлэл гарч байсан?
-Боловсролын салбарын хүн гэдэг тодотгол надад сул тал гэхээсээ илүү давуу тал болсон гэж боддог. Асуудлыг том зургаар нь хардаг, хийх ажлаа логик дараалалтай гаргаж чаддаг, шийдлээ зөв гаргадаг, хүнтэй харьцаж асуудлаа ойлгуулж чаддаг, хамгийн гол нь чин сэтгэлээсээ ажиллаж чаддаг байсан цагт ажил урагшаа явна шүү дээ. Хүмүүсийг аливаа асуудлыг ингэж хараасай л гэж боддог. Ер нь энэ бол менежмент, зохион байгуулалтын ажил. Улаанбаатар хотод амьдардаг бүх хүний бухимдлыг төрүүлдэг хүчин зүйлсийн нэг нь утаа байлаа. Тэр үүднээсээ бүгдээрээ л санаа зовж хэлсэн байх. Тиймээс би энэ тал дээр эмзэглээгүй. Намууд улс төрөө хийгээд, улс төрийн өнцгөөс асуудлыг хүмүүс ярьж байсан ч ажилдаа л эзэн болохыг хичээж ажиллалаа. Ажлын маань үр дүн энэ асуултад тодорхой хэмжээний хариулт болох байх гэж бодож байна.
-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байхаас Засаг даргын орлогч болох ялгаа хэр байдаг вэ. Хотын аж амьдрал ямар байх нь та бүгдийн шийдвэрээс шууд хамаардаг гэдэг үүднээс асууж байна л даа?
-Монголчууд номын номоос хүний ном гэж ярьдаг. Номын ном гэдэг нь эрдэм мэдлэг, хүний ном гэдэг нь хүн байхын ухаан. Амьдрал дээр арга билэг хоёр хосолж байдаг. Ертөнцийн бүх зүйлд энэ зүй тогтол ажиглагдаж байдаг шүү дээ. Эрдэм мэдлэг, хүмүүжил төлөвшил хоёр бол яах аргагүй арга билгийн чанартай. Гэхдээ ямар ч мэргэжил боловсролтой байсан юуны өмнө хүн байх ёстой. Тэр дундаа монгол хүн байх. Монголчууд үүнийг сургасан. Миний эмзэглэж явдаг бас нэг зүйл бол Монгол хүний мөн чанар, Монгол хүний онцлог шинж чанар ахуйгаасаа холдоод байгаа юм шиг санагддаг. Монгол хүний ялгарах хүмүүжил, ёс суртахуун гэдэг зүйлийг бий болгох ёстой. 70,80-аад оны үед болон хуучин манай Монголоор Марко Пологаас авахуулаад аялсан аялагчдыг Монгол хүнийг яаж тодорхойлж байсныг уншаад үзээрэй. Чингисийн мандан бадарч байсан үеийн түүхэнд Монгол хүнд ямар хүмүүжил байсныг хараарай. Ардын хувьсгалын өмнө Монголд аялаад ирсэн хүмүүсийн бичсэн тэмдэглэлүүдийг анзаараад үзээрэй. Тэд Монгол хүнд байсан чанаруудыг бүгдийг нь тодорхойлоод бичсэн байдаг. Цаг хугацаа хийгээд хүмүүний хөгжлийн явц, мэдээллийн хурдад тодорхой хэмжээнд гээгдсэнийг үгүйсгэхгүй. Гэвч Монгол хүний мөн чанар тийм ч амархан үгүй болчихгүй. Бусдаас ялгарах мөн чанараа дахин сэргээх нь бидний үүрэг. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг утгаараа ч дэлхийд өрсөлдөх эрдэм мэдлэгтэй, Монгол өв соёлоо мэддэг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэнийг бид багаас нь бэлдэх ёстой. Ер нь Монгол хүний үндсэн хүмүүжил нь гэр бүлийн хүмүүжил байлаа. Одоо энэ үүргийг сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургууль хуваалцаж байна. Тиймээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны даргаар ажиллах үедээ “Монгол хүн” хүмүүжлийн аяныг санаачилж, дөрвөн жилийн хугацаанд нийслэлд хэрэгжүүлээд явж байна. Энэхүү аянд нийслэлийн 140 сургууль, 240 цэцэрлэг, боловсролын төвийг хамруулсан нь боловсролын салбарт давалгаа болж чадсан. Энэ ажлын эцсийн зорилго юу вэ гэхээр бид монгол хүнд байсан мөн чанаруудыг буцааж боловсролын байгууллагаар дамжуулж суулгах асуудал. Энэ дээр бид монгол хүнд байх эрхэмлэх есөн чанар гэдэг зүйлийг тодорхойлоод энэ есөн зүйлийг хүүхдэд, эцэг эхэд, сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-д хэрхэн хүргэх талаар тусгайлсан хөтөлбөр, хүмүүжлийн гарын авлага гаргаж 6000 гаруй багшийн гарт хүргэсэн. 830 гаруй багш, эмч нарыг ОХУ, Герман, Финлянд, Хятад, Солонгос зэрэг оронд боловсролын бодлого, философи, иргэдээ бэлтгэж буй туршлагыг судлах аялалд хамруулсанд багш нар их өндөр сэтгэлгээтэй байдаг. Энэ ажил амжилттай я үргэлжилж байгаа. Монголчууд хүнийг танихын тулд удам угсааг нь шинждэг шүү дээ. Жишээлбэл, тэднийхэн удмаараа ажил төрөл сайтай гэж ярьдаг. Энэ нь цаагуураа гэр бүлийн хүмүүжлийг л хэлж байгаа юм. Ер нь дээр дурдсан арга хэмжээнээс гадна гэр бүлийн зүгээс хүүхдийн хүмүүжилд оруулах анхаарал халамжаа нэмэгдүүлэх ажлыг л эцэг эхчүүд маань илүү анхаармаар байна. Боловсролын бас нэг том зорилго бол эрүүл Монгол хүнийг бэлтгэх явдал. Эрүүл байхын анхдагч суурь бол эрүүл шүдтэй байх. Тийм учраас бид АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль, Эрүүл мэндийн газартай хамтраад нийслэлийн 18 сургууль, цэцэрлэгт “Бага насны хүүхдийн сүүн шүдний бөөгнөрөл, шүдний өвчлөлийн эрчмийн” талаар судалгаа явуулж, шүдийг эрүүлжүүлэх аяныг эхлүүлж байлаа. Мөн хүүхдүүд гар утас, цахим донтолтод өртөж байгаа учраас Ном уншлагын аяныг санаачилж, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн. Уншлагын хөтөлбөрийн хүрээнд өдөр бүр хүүхдүүд эцэг эхтэйгээ 20 минут ном уншиж, ЕБС-ын анги бүр номын булантай болж, “Ном” хөтөлбөрийг анх удаа цэцэрлэгт хэрэгжүүлж, нийслэлийн 200 гаруй цэцэрлэг номын өргөөтэй болсон. ЕБС-ийн номын сангийн тохижилт, номын фондын баяжилт, үйл ажиллагаа сайжирсан. Ном унших хотын соёлыг төлөвшүүлэх зорилготойгоор ”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Мөн “Хүүхдэд унших номын зөвлөмж”, “Өдөр бүр 20 минут аян”, “Сургуульд орохын өмнө 100 ном унших” зэрэг аяныг уг хөтөлбөрийн дор амжилттай хэрэгжүүлж байна. Хурдтай, мэдрэмжтэй, тууштай багш сурган хүмүүжүүлэгчдээрээ маш их бахархаж, тэднийхээ төлөө юу хийх талаар байнга бодогддог.
-Тантай уулзсаных нэг асуултад хариулт авъя. Гал гарч байхад хотын орлогч дарга сэлфи хийгээд зогсож байсан нь олны шүүмжлэлийг дагуулж байлаа. Тухайн үед та үнэхээр сэлфи хийж байсан хэрэг үү?
-Өнөөдөр мэдээ мэдээлэл асар хурдтай болсон цаг үед түмэндээ зүтгэж байгаа хүн алхам бүртээ хариуцлагатай байх ёстой гэдгийг л их ойлгосон. Тухайн үедээ дөнгөж орлогчийн ажлаа авсан, амралтын өдөр нийслэлийн зуслангийн бүсэд гал гарсан. Миний хариуцах ажлын нэг хүрээ нь нийслэлийн ногоон бүсийн зуслан, ногоон байгууламжийн асуудал учир нөхцөл байдал дээр очиж танилцаад нийслэлийн шуурхай удирдлага, онцгой байдлын газартай холбогдож, шуурхай арга хэмжээ авч ажилласан. Салхи ихтэй өдөр байсан учир ой хээрийн түймэр болоход ойрхон байсан л даа. Ингээд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх зорилгоор тухайн үед зураг оруулсан юм. Гэхдээ сайн талаас нь харвал энэ асуудал хүмүүсийн анхааралд хүрч гал түймрийн аюулд илүү их сэрэмжтэй байхыг нийслэлийн иргэдэд анхааруулга болгож чадсан шүү. Товчхондоо ийм л зүйл болсон. Цаашид намайг тодорхойлж харуулах зүйл бол миний ажлын үр дүн байх болно.
-Хотын даргатай хэр гар нийлж ажиллаж байна вэ. Нийслэлийн зүгээс гаргаж буй зарим шийдвэр иргэдийн шүүмжлэлийг дагуулж харагдах юм?
–Хонхтой цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотойгоор асууж байна гэж ойлголоо. Энэ бол нэг өдөр хотын дарга ганцаараа сууж байгаад шийдчихсэн ажил биш. Жилийн өмнөөс төлөвлөөд хийж буй ажил. Харин цаг үе нь цар тахлын үед таарч шүүмжлэл дагуулсан байх. Түүнээс манай нийслэлчүүд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, амралтаа өнгөрүүлэх орчин бий болгохыг хүсдэг шүү дээ. Ямар ч сайн ажил байсан тодорхой хэмжээний эсэргүүцэлтэй тулгардаг юм байна. Зарим ажил эсэргүүцэлтэй тулаад зогсож байна. Нөгөө талдаа ард иргэдийнхээ санал бодлыг сонсож, авах гээхийн ухаанаар хандаж хурдтай, мэдрэмжтэй ажиллаж байгаагийн нэг хэлбэр гэж боддог. Тэглээ гээд бид асуудлыг шийдэхээс ухрахгүй, няцахгүй аль болох ард иргэддээ тааламжтай, амьдрахад таатай орчныг бий болгохын төлөө ажиллана. Дахин хэлэхэд өнгөрсөн хугацаанд Засгийн газартайгаа, нийслэлийн удирдага бүх шатны байгууллагатайгаа, ард иргэдтэйгээ нэгэн баг болж ажилласны үр дүнд утаагаа бууруулсан. Одоо цаашдаа нийслэлд тулгарч байгаа асуудлуудад энэ мэтээр хамтын хичээл зүтгэлээр хандацгаая гэж хэлье. Цаашид бидэнд ногоон байгууламжаа яаж нэмэгдүүлэх, хөрсний бохирдлыг хэрхэн байхгүй болгох вэ гэх мэтээр шийдвэрлэх асуудал олон байна.
Эх сурвалж: М.Өнөржаргал /Монголын үнэн сонин/