Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуягтай ярилцлаа.
-Барилгын төсөв зохиох дүрэм шинэчлэгдэн батлагдлаа. Одоогийн төсөв зохиох норм хоцрогдсон гэсэн асуудал яригдаж байсан?
-Барилгын салбарын төсөв үнэ бүрдэл, төсвийн хөдөлмөр зарцуулалтын жишиг норм, ажилчидын тариф цалингийн жишиг норм мөн төсвийн суурь нормативын баримт бичгүүдийг шинэчлэх, барилга угсралтын ажилд шинээр нэвтэрч байгаа ажлуудын технологийн картыг боловсруулж нормчлох ажлуудыг эхэлсэн. Төсвийн бүх нормд үзлэг хийж технологи нь хоцрогдсон хэрэглэгдэхээ больсон нормуудыг хасаж цэгцэлсэн.
Эдгээр ажлын үр дүнд Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 217 дугаар тушаалаар “Барилгын ажилтны тариф цалингын жишиг”, 2020 оны 30 дугаар тушаалаар “Барилгын төсөв зохиох дүрэм”-г тус тус шинэчлэн батлууллаа.
-Барилгын төсөв зохиох дүрэм шинэчлэгдсэнээр ямар ямар өөрчлөлтүүд орсон бэ?
Өмнөх барилгын төсөв зохиох дүрэм 2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 181 дүгээр тушаалаар батлагдаж байсан. Мөн 2012 онд 18 дугаар тушаалаар “Барилгын машин механизмын нэг цагийн жишиг үнэ” /БД 81-112-11/-ийг шинэчлэн баталсан. Эдгээр тушаалууд мөрдөгдсөнөөр тухайн үед төсөв 40 гаруй хувиар өсч төсвийг хөөсрүүлсэн дүрэм боллоо гэж ихээхэн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан. Гэсэн хэдий ч шат шатны байгууллагуудад тухай бүрт нь тайлбарыг өгч ойлгуулж танилцуулсаар өнөөдрийг хүртэл мөрдөж байна. Шинэчлэгдэн батлагдсан төсөв зохиох дүрэм 2021 оны 1-р сарын 1-ээс мөрдөхөөр тушаал гарсан. Дүрмийн шинэчлэлээр нэр томьёоны тодорхойгүй байсан нэршил болон хүрэлцдэггүй зардлуудыг тодорхой болгож өөрчлөлт оруулсан гэдгээрээ онцлогтой.
-Тодорхойгүй байсан зардал гэхээр юу багтана гэсэн үг үү?
-Одоо үйлчилж байгаа дүрмээр барилгын ажлыг гүйцэтгэх ерөнхий нөхцөлийг бүрдүүлэх зардал гэж бий. Үүнийг барилгын удирдлага зохион байгуулалтын зардал болгож өөрчилсөн. Удирдлага зохион байгуулалтын зардлаас талбайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зардлыг 15 хувиар, ажилчдын хөдөлмөр хамгааллын зардлыг ажиллах хүчний нийт цалингийн 13,6 хувиар тооцохоор өөрчилсөн. Мөн Захиалагчийн албаны зардал гэсэн нэршлийг захиалагчийн техникийн хяналтын зардал болгосон. Ингэснээр зөвхөн техникийн хяналт тавих үедээ энэ зардал гарах ёстойг нарийвчилан гаргаж өглөө. Захиалагчийн албаны зардал гэсэн нэрийн доор барилгад хяналт тавихад зарцуулагдах зардлыг өөр зүйлд зарцуулдагыг хязгаарлаж байна гэсэн үг.
Барилгын тухайн хуулийн 42-ийн 2-т заасны дагуу Өндөр болон онцгой төвөгшилттэй барилга, байгууламжид зөвлөх үйлчилгээг заавал авна гэж заадаг. Зөвлөх үйлчилгээний зардлыг техник хяналтын зардалтай давхцдаг байсныг өөрчилж давхцуулахгүйгээр хэрхэн яаж авах талаар мөн шинэчилсэн дүрмэнд ялгаж өгсөн.
Мөн магадлашгүй ажлын зардлыг гүйцэтгэгч компани, ашиглагч байгууллага хоорондоо тохироод өөр зүйлд зарцуулах байдал ихээхэн байсан. Тиймээс магадлашгүй ажлын зардлаар ямар ажил гүйцэтгэх, хэн баталгаажуулах зэргийг тодорхой болгосон зэрэг багагүй өөрчлөлтүүд багтсан.
-Магадлашгүй ажлын зардал төлөвлөгдөөгүй бусад зүйлд зарцуулагддаг гэсэн үг үү?
-Шууд утгаараа тэгж ойлгож болно.
-Магадлашгүй ажлын зардлыг тодорхой болгосон жишээг дурьдвал?
-Магадлашгүй ажлын зардлыг төсөвт суулгахдаа орон сууцны болон иргэний зориулалттай барилга байгууламжид хоёр хувиар, үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжид гурван хувиар, төсөвт өртөгийн үнийн дүнгээс суулгадаг. Гэтэл Онцгой төвөгшилттэй, эсвэл усны барилга байгууламжийн төсөв зохиоход магадлашгүй ажлын дүн шаардлагатай ажилдаа хүрдэггүй. Тэгэхээр Онцгой төвөгшилттэй барилга байгууламж, усны барилга байгууламж дээр магадлашгүй ажлын зардлыг 10 хүртэлх хувиар тооцож байхаар дүрмэнд заасан.
Мөн хөдөлмөр зарцуулалтын хугацааны жишиг нормыг шинэчилж байна. Өмнөх нормыг тухайн үед боловсруулахдаа оросын нормыг тодорхой хувиар сулруулж авсан байдаг. Харин одоо бол барилгын салбарын жижиг механикжуулалт, механизм, гар багажууд нэлээд хөгжиж, гараар хийдэг ажил цөөрсөн. Өнгөрсөн онд Барилга хот байгуулалтын яамнаас энэхүү нормыг 1:1 гэж боловсруулах шийдвэр гарсаны дагуу шинэчлэж байна. Түүнийг дагаад суурь нормуудыг ч шинэчлэх шаардлагатай болсон.
-Барилгын салбарын ажилтны тариф цалингийн жишгийг тогтоосон гэсэн. Барилгын салбарын ажилчдын цалин өсч байгаа юу?
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалаар батлагдсан төсөв зохиох дүрмэнд Барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн үед түүний өсөлтийн хувиар энэхүү жишиг тарифт цалинг өсгөж тооцно” гэсэн заалт байгаа.
Энэ заалт хэрэгжихгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Өөрөөр хэлбэл найман жилийн дараа салбарын ажилчдын цалингийн тариф нэмэгдэж байна. Барилгын тухай хуулинд барилгын ажилчдын тариф цалингийн жишгийг Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөнө гэсний дагуу бид Сангийн яамтай зөвшилцсөн.
Барилгын салбарын мэргэжилтэй ажилчдыг мэргэжлийн зэргээр 1-6 хүртэл ангилдаг. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллах үед ангилал бүрээр тариф цалинг тогтоосон. Үүнийг дундажлаад үзэхэд барилгын салбарын ажилтны цалин хоёр дахин өссөн байна. Жишээ болгон 3-4 төрлийн барилга дээр төсөв өртөг тооцож үзэхэд ерөнхийдөө барилгын төсөв тарифт цалингаас хамааралтай тухайн барилгын бүтээцээс хамааран 36-50 хувь өсч байна. Барилгын ажилчдын тариф цалингийн жишгийг 2021 оны 1-р сарын 1-ээс хойш мөрдөхөөр баталсан .
-Тэгэхээр ирэх онд хэрэгжих төсөл, зураг төслөө магадлалаар оруулахдаа энэ зардлыг суулгаж өгөх ёстой юу?
Тиймээ. 2021 оны улсын төсөвт суух барилга байгууламжууд болон ирэх онд эхлэх барилгуудынхаа зураг төслийг шинэчилсэн тарифт цалингийн жишгээр, төсвийн тооцооны ажиллах хүчний зардлын тооцоог хийх ёстой.
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН