Эрдэнэт үйлдвэрт “Нэн түрүүнд-ХАБ” уриа хэрэгждэг. Ажилчдадаа аюулгүй, ая тухтай ажлын байранд урам зориг, эрч хүч дүүрэн, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, осол зөрчилгүй хөдөлмөрлөх зарчим мэдээллийг сурталчлан таниулах, хяналт тавих гээд олон ажлыг ХАБЭА-н хэлтэс хариуцан ажилладаг. Шинээр хэрэгжүүлж буй цаг үеийн болоод цаашдын зорилтын талаар тус хэлтсийн дарга Д.Мөнхболдтой ярилцлаа.
–ХАБЭА-н хэлтсийн үйл ажиллагаа, ойрын үед анхаарал хандуулж буй гол ажлуудын талаар ярихгүй юу?
-ХАБЭА-н хэлтэс долоо хоног тутмын үйл ажиллагааны мэдээллээ өөрчилж, төрөлжүүлж гаргадаг боллоо. Тухайлбал, тухайн долоо хоногт ХАБЭА-н чиглэлээр хэчнээн төрлийн сургалт төлөвлөгдөж, яаж хэрэгжсэн эсэх, өндөр эрсдэлтэй ажил хэд байв, тэдгээрт хэрхэн хяналт тавьж ажилласан гэх зэргээр дүгнэж байна. Оны эхний улиралд манай хэлтсээс бүх бүтцийн нэгж дээр эрсдэлийн удирдлагын хүрээнд хийгддэг ажлыг үнэлүүлж, өндөр эрсдэлтэй ажлын мэдээллийг долоо хоног тутамд гаргаж байна. Жишээ нь, Баяжуулах үйлдвэр дээр хийгдэх өндөр эрсдэлтэй ажлуудын мэдээллийг урьдчилж аваад, газар дээр нь очиж шалгадаг болсон. Өмнө нь цех бүрээр ороод, энд юу болж байна гээд гэнэтийн байдлаар очдог байсан бол одоо бүх хяналт шалгалт зорилтот болсныг онцолъё. Мөн тусгай зөвшөөрөл, нарядаар хийгддэг галын ажлууд ч үүнд хамаарч байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, цацрагийн аюулгүйн чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө боловсрууллаа. Бидний нэг үндсэн ажил бол ажилчдын хамгаалах хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, хангалт. Одоогийн байдлаар, өвлийн хувцасны нөөц боломжийн хэмжээнд буй ч зуны хувцас, гутал бэлдэх шаардлагатай байна. Энэ чиглэлээр Оёдлын цехтэй 14 хоног тутамд уулзалт хийж, хамтран ажиллаж байна. Бид одоо, ажлын хувцасны загварын альбомыг шинэчилнэ. Үйлдвэрийн хэмжээнд өвөл, зуны хувцас хэчнээн төрлөөр ямар загвартай байхыг тодорхой болгох юм. Хуучин альбомд ажилчны болон инженер техникийн ажилтны загвар гэж ангилдаг байсныг бид өөрчилж байгаа. Учир нь ажлын байрны албан тушаалын ялгаварлан гадуурхал гэж үзэж, ингэж ангилах нь зохимжгүй гэж ойлгож байна. Ер нь ажилтны ажлын хувцсаар дамжуулан Эрдэнэт үйлдвэртээ хайртай, үнэнч байх, бахархах зэрэг ажилчин хүний үнэт зүйл илэрхийлэгддэг. Тиймээс ажилчин, инженер техникийн ажилтны загвар гэж байсныг өөрчлөн үйлдвэрлэлийн болон албан ажлын загвар гэж гаргана. Албан ажлын өрөөнд ороход үйлдвэрийн нүүр царайг илэрхийлсэн, өнгө үзэмжтэй загвар байх шаардлагатай гэж үзсэн. Харин үйлдвэрлэлийн орчинд бол хүнд ачаа тээш өргөж буулгах зэрэгт тохиромжтой, ажил хийхэд саадгүй байхаар гаргана. Мөн ажил мэргэжлийн онцлогт тохирсон, хавар, намрын улиралд өмсөх дулаан цамцны загвар гаргасан. Энэ бүхнийг бид Оёдлын цехтэй хагас жилийн ажлын төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлнэ. Хувцасны захиалга хангалтын хувьд өмнө нь өвлийн зуны бүх хувцсыг ижил тоогоор үйлдвэрлэж гаргаснаас ажилчдын хувцасны хэмжээ зөрж, томдох эсвэл багадах гээд асуудлууд их байсан. Үүнийг шийдвэрлэх зорилгоор бид өнгөрсөн саруудад үйлдвэрийнхээ бүх ажилтны биеийн хэмжээг авсан. Ингэснээр тухайн ажилтны биеийн хэмжээнд таарсан хувцсыг эдэлгээний хугацаа нь дуусахаас нэг сарын өмнө үйлдвэрлэж бэлэн болгох боломжтой болох юм. Ажлын хувцасны хэрэгцээ, эрэгтэй эмэгтэй хүний норм хэд байх вэ гэдгийг урьдчилан судална. Судалгаанд үндэслэн Оёдлын цехэд захиалга өгнө гэсэн үг юм. Ингэж бид ажлын хувцасны загвар, нөөц гээд бүх асуудлыг шийдсэнээр “Яг цагт нь” гэдэг системийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ. ХАБЭА-н хэлтсийн хамгийн гол чиг үүрэг бол хүнтэй ажиллах. Өөрөөр хэлбэл, хүнтэй ажиллаж, хүмүүсийг аюулгүй ажиллуулах зорилготой. Тиймээс долоо хоногийн ажлын дүгнэлтэд “Хүнтэй ажиллах” гэсэн үзүүлэлтийг тусгайлан оруулсан. Ажлын байраар явахдаа ажилтнуудтай хэрхэн зөв зохистой харьцах, аюулгүй ажиллах нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байгаа болон зөвлөгөө өгөх, зөрчилтэй тохиолдолд хариуцлага тооцох зэргийг энэ үзүүлэлтээр дүгнэнэ. Мөн 4 дүгээр шатны үзлэг, эрүүл ахуй, зорилтот ээлжит бус шалгалтууд хуваарийн дагуу үргэлжилж байна. Ажлын байрны сөрөг хүчин зүйлсийн хэмжилт хийгддэг. Тухайн ажлын байранд аюулгүй ажиллах нөхцөл, тухайлбал агааржуулалт, гэрэлтүүлэг, тоосжилт, дуу чимээ нь хэвийн байгаа эсэхийг тогтоодог. Энэ бүх ажлуудын мэдээлэл ч долоо хоног тутамд гарна.
–Дэлхий даяар тэмцэж буй коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх олон арга хэмжээг үйлдвэрийн хэмжээнд авч, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Энэ ажилд ХАБЭА-н хэлтэс чухал үүрэгтэй. Ямар ажлуудыг хариуцан, хэрэгжүүлж байна вэ?
-“Ковид 19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шуурхай штабыг ХАБЭА-н хэлтэс ахалж ажиллаж байна. Шуурхайн штабаас зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх, хамгаалах ажилд “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Гал унтраах 58 дугаар анги, Гэрээт цагдаа, Соёл, урлагийн цогцолбор, Орос сургууль, цэцэрлэг, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Технологийн сургууль зэрэг үйлдвэрийн цех нэгжүүдээс нийт 300 гаруй хүнийг татан оролцуулж Улсын Онцгой комиссоос өгсөн зааврын дагуу ажиллаж байна. Мөн үйлдвэрийн бүсэд нэвтрэх пост бүрд тогтмол үзлэг хийж, өглөө бүр 30 автобусанд ажилчдын биеийн халууныг үзэж, зөвлөгөө өгч байна. Амралтын өдрүүдэд 1800 гаруй, ажлын өдөрт бүх объектод нэвтэрсэн 5500-6200 орчим ажилтан, ажилчид дээрх үзлэгт хамрагдсан байна. “Ковид-19” халдвар нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж буй энэ цаг үед үйлдвэрийн зүгээс Ерөнхий төв штаб болон дөрвөн дэд штаб байгуулан ажиллуулж байна. Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах үүрэгтэй нэг штаб нь зардал хэмнэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилготой ажиллаж байна. Үүний хүрээнд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас Ерөнхий захиргааны байрны ажилтнуудын ажлын цаг ашиглалтыг сайжруулахад анхаарч байгаа бол үйлдвэрийн бүсийн ажилтнуудад манай хэлтэс хяналт тавьж байна. Ажлын байрны цаг ашиглалт, хариуцлагыг дээшлүүлэх хяналт шалгалтын хүрээнд үйлдвэрийн бүс рүү нэг, хоёрдугаар шалган нэвтрүүлэх байраар дамжин нэвтэрч буй бүх хүмүүсийг хамруулж байна. Нэвтрүүлэхдээ биеийн халууныг үзэж, ажилтны үнэмлэхийг шалгаж, харин гаднын хүмүүст тусгай зөвшөөрлөөр түр үнэмлэх олгож байгаа. Мөн нэвтрэх байранд санамж бичиг байршуулсан. Орж буй хүмүүсийн зэрэгцээ, гарч байгаад нь бас хяналт тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, ажлаас эрт бууж байгаа хүмүүс заавал чөлөөний хуудас бөглөж, удирдлагаараа гарын үсэг зуруулсан байх ёстой. Өмнө нь ийм чөлөөний хуудас авах журам гаргасан ч хяналт тавьдаггүй байсан. Тэгвэл одоо дээрх санамж бичигт тусгаснаар чөлөөний хуудсыг шалган нэвтрүүлэх байрны цагдаа ажлын цагаас эрт явж буй ажилтнаас шаардана. Шалгасан чөлөөний хуудсыг цаг бүртгэлийн программ дээрх жагсаалттай тулгаж, цаг ашиглалтын хяналтыг сайжруулна. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээр, дэглэмийн үед ажилтнуудын хөдөлмөрийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай. Тиймээс ч ХАБЭА-н хэлтсээс үүнд онцгой анхаарал тавьж ажиллаж байна.
-Шинэ аян эхлүүлэх гэж байгаа гэсэн. Ямар зорилго, чиглэлтэй аян бэ?
-ХАБЭА-н хэлтсээс санаачлан “Эрдэнэт Монголын дархлаа” аяныг зохион байгуулахаар бэлтгэж байна. Дэлхий нийтээр аюулт өвчний эсрэг тэмцэж буй хүнд цаг үед хүн бүр хариуцлагатай байж, төлөвлөгөө зорилтоо биелүүлэн эдийн засгийн бага эрсдэлтэй даван туулж чадвал тэр хэрээр улс орондоо өгөх үр өгөөж их байна. 1990-ээд оны нийгмийн шилжилтийн үед манай улсын гол найдвар нь Эрдэнэт байж чадсан шиг өнөөгийн энэ бэрхшээлтэй үед ч үүргээ хариуцлагатай биелүүлж, тулах цэг нь болъё гэсэн зорилготой аян юм. Манай хэлтэс, хүнтэй ойр ажилладгийн хувьд “Эрдэнэт Монголын дархлаа” аянаар дамжуулан эрч хүчтэй, бүтээмжтэй ажиллах, эрүүл мэнд дархлаагаа дэмжих, сахилга хариуцлагатай байхыг сануулж, ингэснээр иргэнийхээ үүргийг биелүүлж энэ цаг үеийг тэвчээртэй, зөв хандлагатай байж хамтдаа туулах уриалгыг хэрэгжүүлэх юм. Аян таван чиглэлтэй байна. Эхний чиглэл нь Уурхайчны өөрийн дархлаа буюу зөв ажиллах таван зарчмыг мөрдөж, дархлаагаа сайжруулах бол дараагийнх нь Гэр бүлийн дархлаа, Хамт олны дархлаа гэх зэргээр үргэлжилнэ. Аянд зориулсан лого, дуу, стикер гаргаж байна. Зорилго агуулгыг ойлгож хэрэгжүүлж буй ажилтан бүрийн хамгаалах хэрэгсэл малгайд нь стикер нааж өгөх юм.
М.Балжинням
Б.Баттөгс