Д.Лүндээжанцан Дэгийн хуульд оруулсан нэмэлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

2020 оны 04-р сарын 10 өдөр, 11 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
022-810x500

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр уг хуулийн төслийг санаачлан боловсруулж батлуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан мэдээллийнхээ эхэнд, дэлхий нийтийг хамарсан коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад өгч байгаа зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай авч хэрэгжүүлж, иргэдээ цар тахлаас хамгаалж байгаа энэ цаг үед Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуралдах хуулийн хугацаа давхцаж байна.

Иймээс энэхүү онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор шийдвэрлэвэл зохих асуудлыг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэн баталж гаргах шаардлагыг харгалзан миний бие Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал шуурхай хэлэлцэж баталлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, шийдвэрүүдийг мөрдөн, чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг эрсдэл багатай, шуурхай хуралдуулах нөхцөл бүрдэж, Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгийн тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцүүлэх боломжийг нээж, энэ үед баримтлах дэгийг тодорхой болгон зохицуулж өгч байгаа юм.

Ингэснээр онцгой нөхцөлийг арилгах, даван туулахтай холбоотой хууль тогтоомжийг тухай бүрд нь шуурхай хэлэлцэж шийдвэрлэх боломж бүрдлээ. Цаашид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхтэй холбогдсон олон хууль, тогтоолыг хэлэлцэж шаардлага тулгарч байгаа. Энэ бүх эрх зүйн баримт бичгүүдийг хэлэлцэж шийдвэрлэх, онцгой нөхцөлийн үед төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжийг энэ хуулийн нэмэлтээр нээж өгч байгаа юм гэдгийг онцоллоо.

Мөн ердийн нөхцөлд хууль, тогтоолыг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах бүхий л процессыг нарийн чанд хуульчилж өгсөн байдаг. Харин энэ хуулиар онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгийн тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин цар тахал гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдаанаар хэлэлцүүлж болохоор зааж өгсөн. Ингэснээр халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурапдаанд биечлэн оролцох боломжгүй боловч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн Улсын Их Хурлын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох, ингэж ирц, санал хураалтад оролцсон гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг хэлэлцсэн асуудлын хувийн хэрэгт хавсаргаж баталгаажуулах юм.

Түүнчлэн дээр дурдсан онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй бол ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шатыг тогтоох, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг хялбаршуулан хэлэлцэх талаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд чуулганы байршлыг өөрчилж өөр газар хуралдуулж болох, хаалттай хуралдаан хийх тохиолдолд хуралдааны дэгийг тусгайлан хуулиар зохицуулахаар заасан.

Мөн онцгой нөхцөлийн үед гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шуурхай хэлэлцэж шийдвэрлэхтэй холбогдсон зохицуулалтыг суулгаж өгсөн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн нь товлосон цагт цахим хурлын программын ирцэд бүртгүүлж оролцох үүрэгтэй. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гишүүн товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар үг хэлэх эрхийг нь хасахаар болж байгаа. Санал хураалтыг цахимаар, эсхүл өргөж, явуулах, харин нууц санал хураалтыг зөвхөн санал хураах хуудсаар авахаар тусгагдсан. Түүнчлэн энэ хуульд заасан онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 1 удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах, харин үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар зохицуулж өглөө. Үүний зэрэгцээ асуудлыг шуурхайлах үүднээс Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, гишүүд шаардлагатай гэж үзвэл саналаа нэгтгэн асуулт, саналаа илэрхийлж болох заалтыг нэмж тусгалаа.

Энэ хуулиар чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг цахим хурлын программ ашиглан зохион байгуулах, цахим хурлын программ нь Улсын Их Хурлын гишүүд, ажлын хэсэг байршлаас үл хамааран дүрсээ харж нэгэн зэрэг сонсох болон ярих боломжтой байх шинэ зохицуулалт хийгдэж байгаа юм. Ингэснээр Байнгын хороодын дарга, нам, эвслийн бүлгийн дарга зэрэг Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн гишүүд хуралдаанд биечлэн, бусад гишүүд Төрийн ордон дахь хуралдааны “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимуудаас, эсхүл албан өрөөнөөсөө оролцох, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн бол гишүүн тухайн байгаа газраасаа цахим хуралдаанд оролцох боломж, нөхцөл бүрдэж байна.

Мөн энэ хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болгон өөрчилж, зарим зохицуулалтыг нэмсэн. Тухайлбал, онцгой байдал, дайн бүхий болон дайны байдал, гамшиг, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд 72 цагийн дотор саналаа хүргүүлэхээр зааж өгсөн гэдгийг төсөл санаачлагч гишүүн нэмж тодотголоо.

Мэдээллийн төгсгөлд тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх