Өглөөний сэргээш цуврал контент #15: Төмөртогоогийн ТҮМЭН-ӨЛЗИЙ

2020 оны 04-р сарын 10 өдөр, 11 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_31491_-_Copy

Төгссөн сургууль:

Украйн улсын Кривой Рог хотын Аж үйлдвэрийн техникум, ОХУ-ын Санкт-Петербург хотын Уулын дээд сургуулийг төгссөн.

Мэргэжил:

Баяжуулагч инженер

Ажилласан туршлага:

1993 оноос Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт баяжуулагч, бригадын дарга, технологич, хэсгийн дарга, Үйлдвэр техникийн албаны даргаар, 2013 оноос Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга, 2016 оноос Үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар дэвшин ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2009 онд Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын менежмент, 2012 онд ШУТИС-ийг мэргэшсэн инженерээр тус тус дүүргэсэн.

Чин хүсэл:

Эрдэнэт үйлдвэрийн “атгасан гар” шиг ажилладаг хамт олныг чиглүүлэгч нь хэлтэс, цех, хэсэг, албадын дарга нар бөгөөд удирдагч болохын тулд тэд ажлыг багаас нь эхэлж, шат шатны давааг давсаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн гэвэл зүйд нийцнэ. Дарга гэж даам гарахаас илүүтэй, ажлын туршлагаараа асуудлын голыг олж, шийдлийг гаргадаг тийм л үндэсний чадварлаг боловсон хүчнийг Эрдэнэт үйлдвэр төрүүлэн гаргасан. Тэдний нэг бол Төмөртогоогийн Түмэн-Өлзий. Хариуцсан, эрхэлсэн ажил бүрээ нухацтай хийж, цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оновчтой олон санааг гаргасан нь өнөөгийн Үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар ажиллах боломжийг түүнд олгосон. Уурхайчдын хөдөлмөрийн үнэ цэнийг нэгэн насны амьдралаараа туулж яваа энэ эрхэм Эрдэнэтээс төрсөн манлайлагчдын тэргүүн эгнээнд алхаж, үйлдвэрийнхээ хэт ирээдүйн төлөө чадах бүхнээ хийнэ гэдэгтээ бат итгэдэг.

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Миний нэг өдөр 06:30-д эхэлдэг. Өглөө босоод заавал аяга ус ууж, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшсэн. Ажлын хувьд өглөө бүр үйлдвэрлэлийн захирал, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүдийн утасны шуурхайг сонсож, үйлдвэрийн өнгөрсөн хоногийн үйл ажиллагааг хэлэлцэн ажлаа эхлүүлдэг.

-Таны амьдралын сэргээш юу вэ? Хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Гэр бүл, үр хүүхдүүд гэдэг миний амьдралын бэлэг учраас хамгийн том сэргээш гэж хэлнэ дээ. Аливаа томоохон ажлын эхэнд мэдээж шантардаг. Харин бодож санасан зүйлээ хийж, бүтээлээ хараад үнэхээр сайхан мэдрэмж төрдөг. Ер нь амьдралд урамших, эрч хүч авах олон зүйл бий л дээ. Гэхдээ миний хувьд ажлын амжилтаасаа амтлах мэдрэмж хамгийн сайхан.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Эрдэнэт бол Монгол Улсын уул уурхайн ууган үйлдвэр. Хоёр орны ахан дүүсийн гараар бүтсэн энэ том үйлдвэр, аж ахуйн нэгж өөрийн гэсэн өнгө аяс, ажлын нарийн чанд зохион байгуулалттай. Баялаг бүтээгч уурхайчдын хөлс хөдөлмөрөөр өнөөгийн өндөрлөгт хүрсэн үйлдвэрийнхээ үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийг цаг, хоног, сар, жилээр хянаж, биелэлтийг ханган ажиллах нь манай хэлтсийн гол зорилго юм. Удирдлагын зүгээс шаардлагатай бүхий л ажлыг хийхийг хичээдэг.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Би ОХУ-д суралцаж төгссөн, орос хэлтэй. Мэдээллийн эринд амьдарч байгаагийн хувьд англи хэлний зохих түвшний мэдлэг шаардлагатай байна. Тиймээс англи хэлийг бие даан сурахаар олон жил уйгагүй оролдож байна даа. Мэргэжлийнхээ хувьд шинэ техник, технологийн ололтын талаар мэдээлэлтэй байхыг хичээдэг.

-Та хэр зарчимч хүн бэ?

-Ер нь зарчимч талдаа. Гэвч хэтэрхий зөөлөн, өрөвч зангаасаа болоод тэр бүр зарчимч байж чаддаггүй л дээ.

-Өөртөө дадал болгож хэвшүүлсэн зүйлсээсээ хуваалцаач?

-Өглөө бүр ус ууж, дасгал хөдөлгөөн хийж, дулааны улиралд тогтмол дугуй унадаг.

-Таны хобби, сонирхол юу вэ?

-Хүүхэд байхдаа шуудангийн марк сонирхож цуглуулдаг байлаа. Цуглуулгаа нэг орос найздаа бүгдийг нь бэлэглэчихсэн. Яг тэр гэх хобби байхгүй л дээ. Дөрвөн хүүхдийнхээ багадаа цоортол өмссөн гутал, зурсан зургууд, анхны А үсэг бичсэн дэвтэр гэх мэт зүйлсийг нандигнан хадгалдаг. Хожим хамгийн дурсгалтай, үнэ цэнтэй зүйлс болох болов уу гэж боддог. Манай гэрийнхэн энэ тухай мэддэггүй л дээ.  /инээв/

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Хүн хаана ч явсан, хэн ч байсан нэг л зангаараа явах сайхан. Мөн хүний тусыг хэзээ ч битгий мартаж яваарай гэж хэлсэн аав ээжийнхээ захиасыг дандаа бодож явдаг.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Эрдэнэт үйлдвэрт 1993 оноос хойш ажиллаж байна. Эх орныхоо бахархал болсон энэ сайхан уулын буяныг хүртэж, энэ том үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олны нэгээхэн эс ширхэг болж яваадаа туйлын их баярлаж, бахархдаг. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг үргэлж гэрэл гэгээтэйгээр төсөөлж байна. Тиймээс ч ирээдүйд техник, технологийн хөгжлийг дагаад үйлдвэр маань олон жил улам их үр ашигтай ажиллах болно гэсэн бат итгэлтэй явдаг.

Эх сурвалж: erdenettoday.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх