“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:00 цагаас “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаагийн үнэн дүр төрхийг нь илчилж хохирогчид нь мэдээлэл хийлээ. Тус төвийг орон гэргүй, асран хамгаалагчгүй хүмүүс, өнчин өрөөсөн хүүхдүүд, өрх толгойлсон эцэг эхчүүдэд халамж үйлчилгээ үзүүлдэг байгууллага гэж олон нийт ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ хүүхэд хүмүүжүүлж, халамжлах бус хүний мөлжлөг, хөдөлмөрийн дарамт, бэлгийн хүчирхийлэл үйлддэг, Монголын хууль үйлчилдэггүй, дарамт, зодуур нүүрлэсэн газар гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр анх удаа хохирогчид нь мэдээлэл хийлээ.
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарын Д.Халиун гэх охинтой зүй бус харьцаж буй бичлэг сошиал орчинд түгж, олон нийтийн бухимдал, хардлагыг төрүүлсэн байдаг. Хохирогч Д.Халиун нь охиныхоо хамтаар “Зөв амьдрах ухаан” ТББ-д 2 жил гаруй хугацаанд амьдарч байсан бөгөөд аргагүйн эрхэнд охиноо тус газарт үлдээж хэсэг хугацаанд явсан байдаг. Тэрээр өнөөдрийг хүртэл охинтойгоо уулзаж чадахгүй, Г.Загдаагийн дарамт заналхийлэл дунд айдастай амьдарч байгаагаа хэлсэн юм. Түүний ярьсныг хүргэе.
Д.Халиун: Олон хүний амь нас аюултай байдалд ороод байна
-Би 22 настай. Асрамжийн газарт өссөн. 2017 оны арванхоёрдугаар сарын 29-нд охиноо төрүүлсний дараа амьдрах газаргүй байсан учраас таньдаг эгчийнхээ зөвлөсний дагуу “Зөв амьдрах ухаан” ТББ-т очсон юм. Энэ газарт өдөр бүр зодоон, хүчирхийлэл болдог байсан. Тийм газар хэн байхыг хүсэх вэ, би тэгээд зугтсан. Одоо тэгээд хүүхдээ авч чадахгүй байна. Олон газар хандсан ч надад тус болох газар олдоогүй. Тэгээд энэ удаа ТББ-д хандан, олон нийтэд хандаж байна. Загдаа ах, Амараа эгч хоёр уурлахаараа тэнд байгаа хүмүүсийг шууд л зодчихдог байсан. Энэ хоёр тэнд амьдарч буй хүмүүсийг үргэлж хэл амаар доромжилж, харааж зүхдэг. Дургүйг нь хүргэвэл сандал дээр барьж авч хүлээд, хүмүүсээр зодуулдаг. Тэнд олон хүн ийм дарамт айдсан дунд юу ч хэлж чадахгүй амьдарч байна. Тэдгээр хүмүүсийг хашаанаас огт гаргадаггүй. Г.Загдаа ах намайг олон удаа хүчиндсэн. Нэг удаа бүр нийгмийн ажилтнуудтайгаа ээлжилж хүчиндсэн. Намайг гурав хоног дараалж хүчиндээд, доошоо цус алдаж байсан. Тэгээд намайг хэлбэл ална шүү. Байгууллагын эсрэг юм ярьвал хүүхдийг чинь үгүй хийнэ шүү гэж дарамталдаг байсан. Дургүйг нь хүргэсэн хүмүүсийг сандал дээр хүлж зодохоос гадна хүйтэн ус цацах зэргээр дарамталдаг. Хэрэв энэ мэдээллээс болоод надад ямар нэгэн зүйл тохиолдох юм бол үүнийг Г.Загдаа ах хийсэн гэж ойлгоорой. Би удаа дараа энэ бүх процессыг утсан дээрээ хурааж бичсэн боловч хоёр ч удаа утсаа хураалгасан. Энэ байгууллага цаашид энэ хэвээрээ үйл ажиллагаа явуулбал олон хүний амь нас аюултай байдалд орно. Би энэ удаа ганцхан өөрийнхөө эрх ашгийн төлөө хандсангүй. Тэр төвд олон хүн ийм дарамтан дунд байдаг учраас энэ бүх мэдээллийг олон нийтэд дэлгэж байна.
Баярмаа гэж эгч бий тэнд. Энэ төвөөс гарахын тулд саяхан өөрийгөө хутгалаад, эмнэлэгт хэвтэхийн тулд тэндээс гарсан. Тэр Баярмаа эгчийг бас оролддог, хүчинддэг байсан. Энэ ярьж буй мэдээллийнхээ хариуцлагыг би өөрөө хүлээнэ. Би ямар ч худлаа мэдээлэл хэлээгүй” гэв.
Эх сурвалж: www.polit.mn