Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар тус газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан бага насны хүүхэд болон гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргүүдийн шийдвэрлэлтийн байдлыг судалжээ.
Тус сумын хэмжээнд дээрх төрлийн гэмт хэрэг 2018 онд 2, 2019 онд 1 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн бол 2020 он гарсанаас хойш дараах 3 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн Д нь 2019 оны аравдугаар сард 10 настай дагавар охиноо хүчиндсэн хэргийг тус сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр,
2. Тус аймгийн Эрдэнэ сумын нутагт иргэн Э нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 13 настай хүнтэй бэлгийн харилцаанд орж, жирэмсэн болгосон хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр,
3. Иргэн Б нь 2018-2019 онд 15 настай дагавар охиноо 3 удаагийн үйлдлээр хүчиндэхийг завдсан хэргийг мөн шүүх 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр болжээ.
Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцлийг судлахад бага насны хүүхдэд тавих эцэг, эхийн хараа хяналт, анхаарал халамж сул, санаа тавин ярилцдаггүй, хүүхдийнхээ юу хийж, хэнтэй нөхөрлөж байгааг мэддэггүй, гэр бүлийн хүрээнд архидан согтуурах байдал хавтгайрсан, гэрлэлт цуцлалтаас хүүхдээ асрамжилж байгаа эцэг, эх болон хойт эцэг, эхийн зүгээс хүүхдийг хамгаалах үүргээ биелүүлдэггүй зэрэг байдал тогтоогдсон байна.
Иймд сум дундын прокурорын газраас хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авахуулахаар Замын-Үүд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР